Зочлох үйлчилгээний салбарынхан чуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Говийн V дүрийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийг угтаж Сайншанд сумын хэмжээнд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн бодлого, шийдвэрийг танилцуулах, салбарын угтах зочлох үйлчилгээ, хүний нөөцийн чадамжийн талаар санал солилцох зорилгоор "Сайншанд-Аялал жуулчлал-2018" зөвлөлгөөнийг 2018 оны 07 дугаар сарын 02-нд зохион байгууллаа.
Сайншанд Монголын хувьд Орос, Хятадын нутгаар дайран өнгөрч гадаад далай руу гарах хамгийн боломжтой хувилбар бөгөөд Дорноговийн нэрийн хуудас болсон Хамарын хийд, Энергийн төв, Ханбаянзүрх хайрхан энэ нутагт байдаг тул жил бүр Сайншандыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа юм.
Хамарын хийд орчмын гэр буудлуудыг дахин төлөвлөлтөд оруулж нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөсөн газар цахилгааны шугам тавьж, гэр буудлуудын урдуур хийгдэх шинэ гэрэлтүүлгийн кабелийн 600 метр нүх ухаж, цахилгааны утас булж, шон байрлуулах ажлыг гүйцэтгэж байна.
Зөвлөлгөөнд жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээ эрхлэгч, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч, гар урлал, бэлэг дурсгал үйлдвэрлэгч, жуулчдад тээврийн үйлчилгээ үзүүлэгч иргэд болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцов.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод Сайншанд сумын "Аялал жуулчлалын бодлого шийдвэр, үйл ажиллагаа" -г танилцуулан, ХХҮГ, БОАЖГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийж, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцогчдод аймгийн зүгээс авч байгаа бодлого шийдвэр танилцуулсан юм.
Урилгаар "Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын чиг хандлага, тавигдах шаардлага" сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш доктор, профессор М.Билэгсайхан сонирхолтой илтгэл тавив.
Мөн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, тулгарч буй бэрхшээлийг ярилцаж, үүнийг даван туулах гарц гаргалгааг хамтдаа хэлэлцсэн юм.
Харин Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, тэдний санал, тулгамдаж буй асуудлыг сонсож, төр засгийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байгаа, түүнд үйлчилгээ эрхлэгчдийн санал чухал гэдгийг онцлон үйлчилгээний соёл гэдэг зүйлийг бий болгож, өөрсдийн сурталчилгаанд анхаарч шинийг эрэлхийлж ажиллах талаар санал дэвшүүлж, цаашид байнгын уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлсэн байна.
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зочлох үйлчилгээг дэлгэрүүлэх зорилгоор үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёр талын харилцан ойлголцол, итгэл үнэмшил бүхий л үл хадгалагдах, үл мэдэгдэх чанартай зочлох үйлчилгээ, салбарын үйл ажиллагааны стандартын шаардлагыг хангаж ажиллахыг чиглэл болгож уриалга гарган зөвлөлгөөнд оролцогчдын 100 хувийн саналаар батлав.
Х.Эрдэнэбулган