Засаг дарга Т.Энхтүвшин 2017 оны ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-27 16:24:34
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайншанд сумын I, II, III, VI багийн иргэдтэй уулзаж 2017 онд бүтээн байгуулсан ажлаа тайлагнав.
Засаг дарга Т.Энхтүвшин “2017 оныг бид “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүний дагуу иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилгоор Мандах наран 1000 айлын орон сууцны цогцолбор эхсний хэсэг буюу Сайншанд хотод 560 айл, Замын-Үүд 240 айл, Замын-Үүд суманд 960 хүүхдийн сургууль, Сайншанд хотод Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв, аймгийн төвийн 7,6 км авто замын шинэчлэл, Багийн хөгжлийн төв, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Усан спорт сургалтын төв, Камерийн хяналтын төв, Айраг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, халуун усны барилга гудамж талбайн тохижуулалт болон авто замын хаягжуулалт гээд нүдэнд үзэгдэж гарт баригдах томоохон бүтээн байгуулалт хийсэн” гэв.
Мөн 2017 онд гадаад харилцааг эрчимжүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь” худалдааны төвийн гадна талбай, аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлэг, Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл, Дархан муу мянган холбоот хошууны хөрөнгө оруулалтаар хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсныг дурдлаа.
Харин 2018 онд Хүний хөгжлийн жилийн ажлын хүрээнд бүтээн “Мандах наран-3” хороолол, 320 хүүхдийн бага сургууль, Эрүүл мэндийн төв, гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, I, II, III багт Иргэдийн хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Хүний хөгжлийг дэмжих жил, Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийг угтаж "Равжаа судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Үлэмжийн чанар" олон улсын дуучдын уралдаан, Хутагтын яруу найргийн наадам, Монгол Улсын гавъяат багш У.Доёдын нэрэмжит математикийн улсын 54 дүгээр олимпиад, "1000 даамчны тэмцээн" олон хотын нээлттэй тэмцээн, "Хилэнц кросс, авто уралдаан, "Эрүүл энхийн үйлстэн" баярын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Иргэд Засаг даргаас байгаль орчны асуудал, төрийн алба хаагчийн ажил үйлчилгээ, ажлын байр зэрэг сонирхсон асуулт асууж тодорхой хариулт авав.
Х.Эрдэнэбулган
Related news