Эрээн хоттой боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-26 08:14:45
Дорноговь /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод гуравдугаар сарын 21-22-нд айлчлав.
Талууд уламжлалт сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах зорилгоор 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээнд өнгөрөгч онд хэрэгжүүлж байсан зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, аймаг хоорондын хүүхэд залуучуудын дунд спортын нөхөрсөг тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулах зэрэг тодорхой зүйлийг  тусгасан аж.
Энэ онд Монголын талаас бүр тодруулбал Замын-Үүдийн хилийн боомтоор Эрээн рүү амьд бог мал хөлөөр гаргах асуудал томоохон зорилт болж байгаа. Учир нь  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бог малыг хөлөөр экспортод гаргах зорилгоор гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсийг Замын-Үүдэд  байгуулж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс малаа эхлээд эрүүлжүүлээд Замын-Үүд сумын нутгаар  хөлөөр нь экспортод гаргах бөгөөд ингэснээр малчдын амьдрал сайжирч, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Өөр нэг томоохон ажил бол эрүүл мэндийн салбарт Монгол, Хятадын эмнэлэг хоорондын харилцааг хөгүүлэх, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, туршлага судлуулах төдийгүй өмнө нь хийгдсэн болор суулгах хагалгааг  үргэлжлүүлэхээр тохирчээ. Мөн аймаг, хот хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын маршрут гаргаж, жуулчдыг тав тухтай аялуулах талаар ярилцсан байна.
Дашрамд дурдахад 2017 онд Дорноговь аймаг, Эрээн хотын хамтын ажиллагааны  хүрээнд 2017 онд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь худалдааны төв”-ийн өмнөх талбайн засвар үйлчилгээ, аймгийн төвийн зам дагуух 165 хос гэрэлтүүлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хүлээлгийн танхимын засвар, “Саранхөхөө” театрт гэрэлтүүлгийн  ажил болон 11 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news