Б.Тэгшбаяр тивийн АШТ-д есдүгээр байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-13 11:14:37

Монголын дугуйн спортын тамирчид түүхэндээ анх удаа Ази тивийн АШТ-ий дугуйн ханан тойргийн төрөл/тrack/-д манай хоёр тамирчин амжилттай оролцов.

Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр насанд хүрэгчдийн ангилалд мэргэжлийн томчуулаас дутахгүй уралдаж өөрийн Scratch төрөл буюу бөөн гарааны тэмцээнд есдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр холимог төрөл болох Omnium тэмцээний эхний өдөр дөрөвдүгээр байрт орсон бол дараагийн зайнд нураанд орж дугуйгаа эвдсэнээр азгүйтсэн байна.

Цаашид олон тэмцээн хүлээж байгаа түүний хувьд ур чадвараа ахиулж амжилт гаргах боломж байгаа юм. Бахрейн улсад хоёрдугаар сарын 24-нөөс болох засмал замын дугуйн Ази тивийн АШТ-д Монголын дугуйчид хурд, ур чадвараа сорихоор энэ сарын 14-нд БНХАУ-ын Кунминг хотноо цугларч бэлтгэлээ базаана.

Дашрамд сонирхуулахад, ОУХМ Батсайханы Тэгшбаяр нь Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд “Track Mongolia” төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас Олон улсын дугуйн холбооны дэргэдэх Дэлхийн дугуйн төвд бэлтгэлээ базаадаг. Өнгөрсөн оны тавдугаар сард Швейцарьт болсон залуучуудын дугуйн олон улсын тэмцээнд  түрүүлж, эх орныхоо төрийн далбааг мандуулж амжилтын гараагаа эхлүүлж байв.

Улмаар 2016 оны долдугаар сард дугуйн тойрог замын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн /тrack/ бөөн гараат /10 км/ төрөлд Б.Тэгшбаяр оролцон тэргүүлж, алтан медалийн эзэн болсон нь дугуйн төрлөөр дэлхийн аварга анхны монгол дугуйчин-гаар тодорч түүхэнд бичигдсэн билээ.

Д.Өлзий

Related news