ХОВД: Улсын аварга малчин, тариаланчдын нэрсийг уламжилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-05 14:04:56

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 гаруй малчин өрх, 3000 гаруй газар тариалан эрхлэгч бий.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд 2025 оны эцэст 3.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн өнгөрсөн онд 30 мянга орчим тонн ургац хураан авсан байна.  

Сар шинийн босгон дээр орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулж, шагнадаг уламжлал бий.

Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын зөвлөл өмнөх долоо хоногт хуралдаж, нэр бүхий малчин, саальчин, тариаланчдын ажлын үзүүлэлт бүхий холбогдох материал, тодорхойлолтыг хэлэлцлээ.

Энэ жил Улсын аварга малчнаар 15, Улсын аварга саальчнаар гурав, Улсын аварга тариаланчаар зургаан иргэн материал ирүүлсэн байна. 

Засаг даргын зөвлөлийн гишүүд холбогдох журам, шалгуур үзүүлэлтийг үндэслэн материалыг нягтлан хэлэлцсэний үр дүнд Ховд аймгаас Улсын аварга малчнаар найм, Улсын аварга тариаланчаар дөрөв, Улсын аварга саальчнаар хоёр иргэний нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.      

Тэдний ажлын тодорхойлолт, холбогдох материалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-д уламжлахаар тогтов. 

Related news