ХОВД: Сэргээгдэх эрчим хүчээр өрхүүд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-28 11:26:44

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллах үеэрээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл солилцов.


Энэ хүрээнд эхний ээлжид Ховд эко цементийн үйлдвэрийн нарны цахилгаан станцтай танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 350 ажлын байр бий болгожээ.


Үйлдвэр жилд 18000 МВт эрчим хүч хэрэглэдэг бөгөөд үүний 13000 МВт-ыг өөрийн нарны цахилгаан станцаар хангах боломж бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан бол энэ онд нэмэлтээр 4 МВт-аар өргөтгөн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.


Мөн ажлын баг Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Ө.Тогтохбаатарынд зочиллоо.

Тэднийх хашаандаа 20 кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулж, өрхийн цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж байна. Түүнчлэн өнгөрсөн оны 10 дугаар сард эрчим хүчний түгээх сүлжээнд холбогдсоноор өөрийн хэрэглээнээс илүү гарсан 13500 кВт/цаг эрчим хүчийг нийлүүлжээ. Үүний үр дүнд энэ онд нийлүүлсэн эрчим хүчнийхээ төлбөрт 3.8 сая төгрөгийг түгээх сүлжээнээс авах юм.


Энэ нь өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан орлого нэмэгдүүлэх боломжийг харуулж буй бодит жишээ юм. Өрх бүр ийм байдлаар эрчим хүч үйлдвэрлэгч болж, өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг төвийн системд нийлүүлэн орлого олох боломж бүрдэж байгааг албаныхан онцолж, иргэдийг нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглахыг уриаллаа.


Ө.Тогтохбаатарын 20 кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний системийг Ховд аймгийн эрчим хүчний барилга угсралтын “ИСЭТ” ХХК гүйцэтгэсэн байна. Тус компани 2025 оны гуравдугаар сард сэргээгдэх эрчим хүчний угсралтын тусгай зөвшөөрөл авч, 6-20 кВт-ын хүчин чадалтай нийт долоон систем суурилуулжээ. Үүнээс тавыг нь Ховд аймагт, хоёрыг нь Баян-Өлгий аймагт тус тус суурилсан байна




Related news