ХОВД: Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тавдугаар сарын
цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Олон жилийн дунджаар тухайн сарын агаарын температур
уулархаг нутгаар 0+6 градус, бусад нутгаар +6+12 градус
дулаан байдаг. Харин сарын
нийлбэр хур тунадас Их
нууруудын хотгор болон Алтайн
өвөр говиор 0-10 мм, бусад нутгаар 10-20 мм ордог байна.
Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр тавдугаар сард агаарын температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Мөн хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчимд байх төлөвтэй байна.
Сарын эхээр дулаарах боловч цаашид эхний болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэрнэ. Харин хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.
Ирэх сард салхи, шуурганы давтамж нэмэгдэх магадлалтай бөгөөд хуурайшилт ихсэх тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөн болзошгүй ой, хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Мөн холын замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол ашиглахыг зөвлөв.