ХОВД: Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-27 15:12:23

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран Иргэдэд хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 21 аймгийн салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд хамтран иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Үүнтэй холбогдуулан дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахыг зорьж байна.   

Ховд аймгийн тухайд 2026 оны эхний улиралд 257 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймээс иргэдэд хууль сурталчлах, мэдээ мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цаашлаад иргэд, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах олон ажлыг төлөвлөжээ.

Энэ удаагийн өдөрлөгт аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг 10 гаруй байгууллага оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ иргэдэд шаардлагатай зөвлөмж мэдээллийг түгээж байгаагаараа онцлогтой. 

Өдөрлөгийн үйл ажиллагаа өнөөдөр 16:00 цаг хүртэл Ховд аймгийн төв талбайд үргэлжилнэ. 


Related news