ХОВД: Өрх бүр хашаандаа мод тарих санаачилгыг дэмжихийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-22 16:36:30

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө.


Тус зөвлөгөөнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсон юм.


Зөвлөгөөнд оролцогчид дараах асуудлыг онцлон хэлэлцэж, тодорхой санал дэвшүүлэв. Үүнд:

  • Ногоон байгууламжийг хамгаалах хүрээнд мал бүхий өрхийн хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Тариалангийн талбайг камержуулах
  • Услалтын системийг сайжруулах
  • Өрх бүр хашаандаа мод, хүнсний ногоо тарих санаачилгыг дэмжих
  • Тариаланчдыг хөнгөлөлттэй зээлд хамруулах
  • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, модны суулгацын борлуулалтын сувгийг өргөжүүлэх
  • Үрийн захиалгыг эрт авч, бэлтгэл ажлыг хангах
  • Төрийн байгууллага, хувийн хэвшил, тариаланчдын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах
  • Нарийн ногооны зоорь барих, мөн тарвас, амтат гуа, улаан лооль, төмс зэрэг хүнсний ногоо, жимс жимсгэнийг боловсруулах үйлдвэр байгуулах
  • Хүнсний ногоог зориулалтын худалдааны цэгээр борлуулахад мэргэжлийн байгууллагын хяналтыг сайжруулах
  • Тариалангийн талбайд ашиглаж буй нийлэг уутны хэрэглээг зохистой болгох, цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлэх гэх мэт чиглэлээр санал бодлоо илэрхийлэв. 

Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Related news