ХОВД: Оны шилдэг өвлөн уламжлагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-31 10:50:37

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн энэ оны шилдэг өвлөн уламжлагчдыг тодруулж, шагналаа.

Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байдаг.


Тэдний нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх идэвхийг дэмжих үүднээс тус аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ-ын 2025 оны 31 дүгээр тогтоолын дагуу Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг баталжээ.  

Тус журмын хүрээнд Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 2025 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодрууллаа.  


Энэ онд дөрвөн өвлөн уламжлагч шилдгээр шалгарчээ. 

Тэдний нэг бол Наранцогтын Буяндэлгэр юм. Ховд аймгийн Дуут сумын харьяат тэрбээр цуур хөгжмийн долоо дахь үеийн өвлөн уламжлагч гэдгээрээ онцлогтой. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийн өвийг язгуур хэв шинжээр нь үндэсний хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.

Мөн шилдэг өвлөн уламжлагч Баатарын Эрдэнэбат нь Ховд аймгийн Мянгад сумын харьяат, ан агнуурын холбогдолтой уриа дуудлагыг язгуур хэв шинжээр түгээн дэлгэрүүлж байна.

Харин шилдэг өвлөн уламжлагч Жаргалын Сарантуяа нь Ховд аймгийн Буянт сумын харьяат.  Тува угсаатны аман аялгуу, соёлын онцлог, өвөрмөц уламжлалыг түгээх, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй.
Мөн шилдэг өвлөн уламжлагчдын нэг болох Лхагвын Цэнджаргал нь Ховд аймгийн Дөргөн сумын харьяат. Дөрвөд угсаатны хувцасны уламжлалт гар урлалын өвийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлж, сурталчилж иржээ.


Тэдний шагналыг орон нутгийн удирдах ажилтнууд гардуулж, баяр хүргэлээ. 



Related news