Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дуусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-02 14:38:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг бүрэн дуусгаж, инженер геологийн өрөмдлөгийг хийж эхэллээ.


Нийслэл хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Төслийн гүйцэтгэгчийг байрлуулахаар “ТЭЦ 3-ын үнсэн сангийн орчимд кемпийн барилгын ажлыг эхлүүлж, бетоны узель, бутлуурын үйлдвэр барих тээврийг хийж байна. Түүнчлэн нэг, хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч, захиалагчийн хяналтын багийнхантай уулзан, хэсгүүдийг төлөвлөж байгаа.


Туулын хурдны зам нь 6 эгнээ бүхий 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метр урттай туннелтэй байх юм.


Хурдны замыг ашиглалтад оруулснаар ачаа тээврийн урсгалыг төвийн замаар дайруулахгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гаргажээ. 

Related news