Цахим аудитыг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд ТИКА-тай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өнөөдөр БНТУ-ын Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ТИКА байгууллага нь Монгол Улстай олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсээр ирсэн бөгөөд 2004 оноос хойш 900 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өмнө нь ТИКА-ийн дэмжлэгээр УИХ-ын Тамгын газрын архив, номын санг цахимжуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны туршлагаа хуваалцсан байна. Улмаар цаашид Төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд албан хаагчдыг сургах, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим аудитыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ.
Харин ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн Төрийн аудитын байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Улмаар ТИКА-ийн шугамаар ирэх жил хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг тусгаж, дээд байгууллагадаа уламжлахаар болов.
Уулзалтад Үндэсний аудитын газрын Тамгын дарга, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Мэдээлэл, технологийн төвийн дарга Б.Сэр-Од тэргүүтэн байлцлаа.