Зам засварыг эрчимжүүлэх үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-14 10:33:34

Мандалговь Улаанбаатарын чиглэлийн автозамд засвар хийх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр иргэд санал хэлсэн юм.

Мөн энэ чиглэлийн замд автозам ашигласны төлбөр хураах цэг барьсан нь хэзээ ашиглалтад орох, энд хүнд даацын пүү суурилуулах эсэхийг асуусан бөгөөд үүнд Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ дараахь хариултыг өгсөн юм. 

Автозамын төлбөр хураах цэгийг хүлээн авсан комиссын актыг албажуулахаар яамнаас дотоод хяналтын багийг ойрын хугацаанд ажиллуулна. Төлбөр хураах цэгт хүнд даацын ачааны пүү суурилуулах тухайд яригдаж байгаа асуудал бий. Ачаа пүүлдэг системтэй болж, дээр нь улсын байцаагчийн эрхийг нэмэгдүүлж ажиллавал ачааны даац хэтрүүлэн тээвэрлэх явдалд тавих өдөр тутмын хяналт сайжирна гэж үзэж байгаа гэв.

Зам засвар арчлалтын хувьд, Улаанбаатар Дундговь чиглэлийн автозамд засвар арчлалт хийх төрийн өмчит аж ахуйн нэгж байхгүй тул өнгөрсөн жил Улаанбаатар хотын “Ялгуусан” ХХК зам засвар арчлалтыг хийхээр хүлээн авсан.

Наймдугаар сард замын засварын санхүүжилтыг өгсөн бөгөөд хийсэн ажлынхаа тайланг өгөөд дараагийн санхүүжилтыг авах ёстой. Ойрын хугацаанд санхүүжилт хийгдэхээр замын  засвар үргэлжлэх хийгдэнэ гэлээ.

Тэрээр Мандалговьд ажиллах үеэрээ замын засвар арчлалтыг эрчимжүүлэх, аймгийн Засаг дарга болон яамтай байгуулсан гэрээгээ шинэчлэхийг зам засвар арчлалтын “Ялгуусан” ХХК-д үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа         

 

Related news