ДУНДГОВЬ: "Хонины нөхөн үржихүйн дэвшилтэт технологи" сургалтад мал зүйчид хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-30 16:23:22

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/ “Малчин, мал аж ахуйг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Жилин мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал аж ахуй, Мал эмнэлгийн хүрээлэн болон "Монгол хонь судлалын инновацын төв" ТББ-тай хамтран зохион байгуулсан "Хонины нөхөн үржихүйн дэвшилтэт технологи" сургалтад Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн М.Балжинням, мал зүйч Б.Гарьдмагнай, Ч.Адъяахүү нар хамрагдлаа.


Тус сургалтыг Жилин мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал аж ахуй, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Ли Синтао болон Ян Хуайжиг, Ян бинь, Сүнь юань, Жан Личун, Цао Янг, Чао Чонгли, Сүн Лимин, Ху Няньжи нарын эрдэмтэн докторууд удирдан явууллаа.


Сургалтаар лапароскоп буюу дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх, үр хөврөл шилжүүлэн суулгах, савнаас үр хөврөл угааж авах технологи, хонинд толь тавих аргаар зохиомол хээлтүүлэг хийх, хонины олон төрөлтийн генийг илрүүлэх, хонины бруцеллёз өвчнийг илрүүлэх, хонины тэжээл, бодисын солилцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хуцаас үр авах технологи, туршуул хуц бэлтгэх, хээлтүүлгийн эм хонины ороо жигдрүүлэх технологи, үр болон үр хөврөл гүн хөлдөөх технологи, өндөр ашиг шимтэй махны хонины үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгох, хэрэглэх, үхрийн зохиомол хээлтүүлэг, үр хөврөл шилжүүлэх технологи, азарга болон бухаас үр авч чанарын үнэлгээ хийх зэрэг нарийн мэдлэгийг эзэмшүүлсэн байна.


Тэд өөрсдийн орон нутгийнхаа хонины онцлогт тохируулан энэхүү аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар судалгаа хийж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах юм.

 

Д.Адъяасүрэн 

Related news