Цэцэрлэгийн таазыг бэхэлж засварлахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-11 09:37:13

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилгын тааз нурж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гарган, өнгөрсөн баасан гарагаас эхлэн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.  Эл асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс ярилцаад барилгын таазыг бэхэлж, засвар хийгээд цэцэрлэгийг нээе гэдэг шийдэлд хүрчээ.

Энэ тухай аймгийн Боловсрол, соёлын  газрын дарга Ц.Бумангэрэлээс тодруулахад, таазыг бэхэлж, засвар хийхэд 6 сая гаруй төгрөг шаардлагатай болж байна. Үүнийг манай байгууллага шийдэж, шууд гэрээ байгуулах нөхцөлтэйгээр аж ахуйн нэгжийг шалгаруулан энэ долоо хоногт засварыг эхлүүлнэ.Таазны засварыг стандартын дагуу сайтар хийчихвэл ойрын 1- 2 жилдээ барилгыг хэвийн ашиглаж болно гэдэг зөвлөмжийг барилгын инженерүүд өгсөн гэв.

Тус цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон, аймгийн төвийн анхны барилгуудын нэг бөгөөд ашиглалтын хугацаа дуусаад олон жилийг өнгөрүүлсэн байна. Хэдийгээр таазыг бэхлэн заслаа ч гэсэн барилгын насжилт дууссан тул цаашид удаан хугацаанд ашиглах боломжгүй. Энэ талаарх дүгнэлтийг ч Мэргэжлийн хяналтын газраас нэг бус удаа гаргажээ. Тиймээс ойрын жилд нэгдүгээр цэцэрлэгийг шинэ барилгатай болгож, хүүхдийн сурч хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага Дундговь аймагт тулгарч байна.

Т. Отгонтуяа         

 

Related news