ХӨВСГӨЛ: Хоршоо хөгжүүлэх зээлийн сангаас 1 тэрбум 975 сая төгрөгийн санхүүжилт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-16 13:32:12

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд бүртгэлтэй 269 хоршоо байгаа боловч 142 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.


Үүнээс  50 гаруй хоршоо илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж өнгөрсөн онд хоршоо хөгжүүлэх зээлийн сангаас 1 тэрбум 975 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.




Хоршоологчдын холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг дээдлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, иргэдийн харилцан итгэлцэл хамтран ажиллах сонирхлыг дэмжин хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор "Хөвсгөл органик хоршоо" зөвлөлдөх уулзалт хийж 250 гаруй төлөөлөгч оролцлоо.


Энэ үеэр хоршоодын менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, орон нутагт төр хоршооллын байгууллагын түншлэлийг бэхжүүлэх талаар зөвлөлдөж, цаашид хоршоогоор дамжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх орлого олох боломж байгааг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр онцолж байлаа.




Тус аймагт мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлийн хоршоодын үйл ажиллагаа тогтворжсон байна.


Related news