ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд 965 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-12 16:00:18

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 154 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 965 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.


Анагаах ухаан, сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан, инновацын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор “Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Х. Цэнд-Аюушийн нэрэмжит “Шинэ санаа-шинэ мэдлэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.


Тус хурлыг олон улсын эмч, сувилагч, эх баригчдын өдрийг тохиолдуулан “Цэнд-Аюуш” сан санхүүжүүлэн зохион байгуулав.


Энэ үеэр 36 эрдэм шинжилгээний илтгэлийг 70 гаруй эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд хэлэлцүүллээ.


“Шинэ санаа-шинэ мэдлэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нь судалгааны шинэ үр дүн, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга зүй, эрүүл мэндийн салбарын инновацын шийдлүүдийг хэлэлцэж буй нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэллээ.




“Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шууд үр дүн эмнэлэг, эмнэлгийн ажилтны тоогоор биш, үзүүлж байгаа тусламжийн чанар, эмчийн мэдлэг боловсролоос шууд хамаардаг.


Эмч хүн мэдлэг чадвараа байнга дээшлүүлэхээс гадна хийж байгаа ажилдаа судалгаатай ханддаг байх нь амжилтын үндэс болдог гэж үздэг.


Энэ үүднээс эмч нарын дундаас анагаах ухааны салбар дахь ололт амжилтын олон эзэд төрөөсэй гэсэн зорилгоор аавынхаа нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна” гэдгийг их эмч Х.Цэнд-Аюушийн хүү Ц.Цэцэнзориг хэллээ.



Хүний их эмч Х.Цэнд-Аюуш нь 1954 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1989 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшиж ажлынхаа гарааг Ханх сумаас эхэлжээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, хүүхдийн сэхээн амьдруулах эмчилгээний тасгийг үүсгэн байгуулж эрхлэгч болон дотор, мэс заслын тасагт эмчээр ажиллаж байжээ.

 

 

 

Related news