Үе үеийн барилгачид “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэг зүүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-12 15:44:27

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойгоор Дундговь аймгаас үе үеийн 50 гаруй барилгачин Барилга хот байгуулалтын яамны Тэргүүний барилгачин хүндэт тэмдгийг энгэртээ зүүлээ.

Дундговь аймгийн хувьд барилгын салбар 55 жилийн түүхтэй бөгөөд 1980- аад онд Дундговийн барилгын трест 1000 гаруй ажилчинтай томоохон салбар болон хөгжиж байсан. Тэдгээр барилгачдын дундаас зуу гаруй барилгачин барилга хэмээх их айлын бүл болж, ажил амьдралаа сум, аймаг, эх орныхоо бүтээн байгуулалтад зориулж явсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэний дотор

Д. Орго, З. Алимаа, Г. Бадамгарав, Ё. Бараахас, С. Бат- Өлзий, Ц. Нина нарын 57 барилгачин Барилга хот байгуулалтын яамны Тэргүүний барилгачин хүндэт тэмдгийг энгэртээ зүүлээ.

Мөн БХБЯ- ны хүндэт жуух бичгийг Д. Алтанбулаг, Л. Норовсүрэн, Н. Сүхбаатар, Ц. Бадамжунай, Ж. Жаргалсайхан нарын 14 барилгачин хүлээн авч, 20 гаруй барилгачин аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг, Дундговь аймгийн хүндэт тэмдэгээр шагнуулав.

Мөн Монголын Барилгачдын холбооны дээд шагнал Аварга барилгачин цол тэмдгийг ахмад барилгачин Ц. Мягмарсүрэн, Шилдэг барилгачин шагналыг Д. Цогтбаатар, шилдэг инженерийн шагналыг С. Доржням нар хүртэж, тус холбооны хүндэт өргөмжлөлийг “Дөл БГМ” ХХК хүлээн авав.

Шагнал гардуулах хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ үг хэлэхдээ, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөрлөсөн үе үеийн барилгачдад түүхт ойн мэнд дэвшүүлээд  улс эх орны эдийн засгийн ямар ч нөхцөлд хөгжлийн зүтгүүр болж явдаг, сум, аймгийн төвийг орчин үеийн барилгажилттай, тохилог суурин болгоход одоо ч зүтгэсээр байгаа барилгын салбарынхандаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүссэн юм.

Тэрээр хэлэхдээ, Хэдийгээр улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих томоохон барилга байгууламжийн гүйцэтгэгчээр орон нутгийн аж ахуйн нэгжүүд шалгарч тэр бүр чадахгүй байгаа ч гэсэн орон нутагтаа орон сууцны хангамжийг сайжруулахад тэдний оруулж буй хувь нэмэр өндөр байна. Тухайлбал, сүүлийн 3 жилд аймгийн төвд 600 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон, энэ онд ч  орон сууцын барилга нэлээд нэмэгдэж байгааг онцлоод цаашид нутаг дэвсгэртээ байгаа барилгын материалын түүхий эдийг олборлон, барилгын материал үйлдвэрлэх, аймгийн төвд ашиглагдахгүй байгаа болон насжилт дууссан хуучин барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулж шинэ барилга байгууламж барихад санаачлага гаргах аж ахуйн нэгжүүдээ хөхиүлэн дэмжиж ажиллана гэлээ.

Т. Отгонтуяа

Related news