Төрийн албан хаагчдын тэтгэмжийн хэмжээг 36 сараар нь үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-09 20:35:13

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр  “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Олон нийтийн дунд төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой иргэдэд 102 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж энэ оны улсын төсөвт 66 тэрбум төгрөг суусан. Үндсэндээ 40 гаруй тэрбум төгрөг дутсан. Төсвийн тодотголоор УИХ энэ мөнгийг нэмж чадаагүй. Төсвийн тодотголыг дагаж уг тодотгосон төсвийг яаж хэрэгжүүлэх, ирэх оны төсөвт юуг анхаарах зэрэг асуудлыг тусгасан УИХ-ын тогтоол гардаг. Тогтоолд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байх хууль эрх зүйн орчныг сэргээх, боловсронгуй болгох заалтыг нэмж Засгийн газарт өглөө" гэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, "УИХ-аас гарч байгаа энэхүү тогтоолын хүрээнд энэ онд тэтгэвэрт гарч байгаа нэг ч хүний эрх ашиг хөндөгдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 мянган албан хаагч байдгаас жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг. Энэхүү УИХ-ын тогтоол батлагдаж гарснаар 2016 онд болон цаашид тэтгэвэрт гарах албан хаагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримталлаа. Ирэх сарын нэгнээс өмнө Засгийн газар Төрийн албаны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

Related news