ДУНДГОВЬ: Хүүхдээ сонсож, ярилцах нь хүмүүжлийн эерэг арга гэдгийг таниулсан нөлөөллийн ажил болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-01 16:47:22
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон Улсын өдрөөр Дундговь аймгийн ГБХЗХГ-аас “Нарны охид” бүлгэм, “Бүрд кофе шоп”-той хамтран аав, хүү болон ээж, охидын болзоо зохион байгууллаа.


1998 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр  тэмдэглэж иржээ. Монгол Улсын хувьд  2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар жил бүр энэ өдрийг тэмдэглэж байна.


Ээж, аавууд хүүхэддээ төдийлөн цаг гаргаж, хүүхдээ сонсож, сэтгэлээ нээж чаддаггүй. Тэгвэл энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийг зодож шийтгэх биш, тэднийг сонсож, тэдэнтэй ярилцаж, хамтдаа бүтээл хийж, хамтдаа суралцаж байх нь хүмүүжлийн эерэг арга юм гэдгийг нийтэд таниулснаараа онцлогтой юм.


Аав хөвгүүдийн болзоонд 3, Ээж охидын болзоонд 8 гэр бүл оролцож, хүүхэдтэйгээ хамт лекц сонсож, сэтгэлийн үгээ бичсэн захидал солилцож, аавууд хүүгийнхээ, ээжүүд охиныхоо ертөнцөөр аялж, хүү нь аавынхаа, охин нь ээжийнхээ сэтгэлийн үгийг сонсож дурсамжтай үйл явдлаар дүүрэн өнгөрүүлсэн байна.


Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр тус аймгийн хэмжээнд 0-18 насны 17351 хүүхэд байна. 2022 оны 12 дугаар сарын мэдээгээр энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 19 сургуульд 8733 суралцагч сурч байгаагийн 49.8 хувь буюу 4354 нь эмэгтэй сурагчид байна. Харин 22 цэцэрлэгт 2939 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр 2022 онд тус аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 4,4 хувь буюу 11-д нь хүүхэд оролцсон байна.


Зөв хүнийг төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхдийнхээ юу хүсэж мөрөөдөж байгааг ойлгож, буруу үйл хийхэд нь учирлаж, зөвөөр ойлгуулж, “яагаад” гэсэн шалтгааныг нь олж, хэрэгцээг нь мэдэрч, хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлж байх нь чухал, хайрлуулсан хүүхэд заавал зөв, сайн хүн болдог гэдгийг боловсролын сэтгэл зүйч Б.Саранзаяа онцолсон юм. 


Related news