ДУНДГОВЬ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах, санал авах уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-20 16:51:48
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал авах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Мандалговь хотноо болов.

Уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг танилцуулсан юм.



Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх зорилгоор УИХ-аас энэ оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан зөвлөмжид иргэдийн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар УИХ-ын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзахыг дэмжсэн дүн гарчээ. 

Төсөлд УИХ-ын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгасан аж.

Одоогийн хуулиар “Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт буй. Харин хуулийн төсөлд “хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн тулд “Үндсэн хуулийн цэц нь УИХ, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, ХЭҮК, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна” хэмээн өөрчлөхөөр тусгажээ.



Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг дахин томилоход ямар нэг хязгаарлалт байхгүй байгааг өөрчлөн 6 жилийн хугацаагаар томилох, дахин нэгээс илүү удаа томилохгүй байх тухай заалт оруулахаар төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр уулзалтад оролцсон иргэдийн зүгээс дээрх хоёр заалтыг дэмжсэн бол “Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, 76 гишүүнийг нь мажоритар, 76-г нь пропорциональ аргаар сонгох” заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэдийн зүгээс “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх, УИХ гаргасан хуулиа хэрэгжүүлдэг байх, эдийн засаг, нийгмийн байдал хэцүү байгаа үед төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, давхар дээлийг болиулах, Үндсэн хуульдаа хүний эрх ярьж байгаа юм бол хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгодог байх, санал авах ажлыг өргөн хүрээнд явуулж, илүү олон иргэний саналыг авах, Үндсэн хуулийн цэцийг хараат биш байлгах гарц хайх, үндэсний аюулгүй байдал алдагдаж байна, олон лиценз олгосноос болоод цөлжилт нэмэгдэж, усны хомсдол бий болж байна, Монгол Улс хүний эрх, авлигын индексээрээ ухарч байна, үнэхээр сайн хууль гаргах гэж байгаа бол ард иргэдийн тулгамдаад байгаа асуудлыг телевиз радиогоор тогтмол мэдээлж, нийт ард иргэдийнхээ саналыг авдаг баймаар байна” зэрэг саналуудыг хэллээ. 

Related news