ДУНДГОВЬ: Аймгийн нийт хүн амын 49,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-07 15:09:43
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2022 оны 12 дугаар сарын 31-ний хүн ам зүйн судалгаагаар тус аймгийн нийт хүн амын 49,8 хувь (23 482)-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Насны байдлаар нь авч үзвэл нийт эмэгтэйчүүдийн 27,2 хувийг 0-19 насны, 21 хувийг 20-34 насны, 25,4 хувийг 35-54 насны, 12 хувийг 55-69 насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бол аймгийн хэмжээнд 70-89 настай 929, 90-ээс дээш настай 76 ээж байна. Аймгийн хүн амын дундаж наслалт 74,7 байдаг ба түүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 79,5 байгаа юм.

Аймгийн ХХҮГ-ын мэдээлснээр 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөж, “Эхийн алдар” одонтой 4718 ээж байна. Тодруулбал, “Эхийн алдар” I зэргийн одонтой 1485, II зэргийн одонтой 3233 ээж байдаг. 2022 оны статистик мэдээгээр өрх толгойлсон 848 хүн байгаагийн 90,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Тус аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад 3270 алба хаагч (төрийн захиргааны болон төрийн үйлчилгээ, улс төрийн албан тушаалтан) ажиллаж байгаагийн 70,8 хувь эмэгтэйчүүд байдаг хэдий ч шийдвэр гаргах түвшинд цөөнх нь ажилладаг.

Тодруулбал, аймгийн болон 15 сумын хэмээнд эмэгтэй Засаг дарга 3, Засаг даргын орлогч 5 хүн байна.

Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 7 нь буюу 20 хувь, аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга, нарийн бичгийн даргын алба хашдаг 31 хүний 15 нь буюу 48 хувь, сумдын ИТХ-ын 295 төлөөлөгчийн 33 хувь, 68 багийн засаг дарга нарын 36,8 хувь, сумын ЗДТГ-ын дарга нарын 73 хувь нь эмэгтэйчүүд байдаг ажээ. 

Related news