СҮХБААТАР: Шинэ суурьшлын бүсэд 200 орчим өрхөд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-20 16:43:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулж 0,7 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх ажлыг Монгол Улс 2003 оноос эхлүүлсэн. Үүнээс хойш 2022 оны байдлаар нийт 11301 иргэнд 1023,38 га газрыг өмчлүүлжээ. Энэ нь нийт иргэдийн 16,8 хувь нь хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэсэн үг юм. Тэгвэл энэ онд аймгийн төвд шинээр суурьшлын бүс байгуулж, 200 орчим иргэний өрхийн хэрэгцээнд газар олгохоор төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд аймгийн төвд газар олгох ажил удааширч иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх ажлыг дорвитой хийгээгүй. Учир нь Баруун-Урт суманд иргэнд өмчлөлийн зориулалтаар олгох газар байхгүй. Өөрөөр хэлбэл шинэ суурьшлын бүсийг байгуулаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүйтэй холбоотой. Харин энэ онд шинэ суурьшлын бүсийг байгуулж, шинээр 190 иргэнд өрхийн хэрэгцээний зориулалтаар газар олгоно. Нэг асуудал нь тухайн газарт дэд бүтэц шийдэх төсвийг улс, аймаг орон нутгийн төсвийн аль алинд нь тусгаагүй. Ямартай ч иргэдийн газар авах хэрэгцээ шаардлага их байгаа учир эхний ээлжинд газраа олгохоор болсон. Одоогоор манай газарт 600 орчим иргэний газар хүссэн өргөдөл байна. Он цагийнх нь дарааллаар иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр хэллээ.

Мөн хүсэлт гаргагч иргэд эрхийнхээ дагуу Улаанбаатар хотоос бусад өөр аймаг, сумдад газраа өмчилж авах боломжтой гэдгийг тэрээр анхаарууллаа.

2021 оны өрхийн тоотой харьцуулсан судалгаагаар Сүхбаатар аймгийн нийт өрхийн 68,3 хувь нь газраа өмчлөн авчээ. 

Related news