ДАРХАН-УУЛ: Т.Жаргалсайханыг “Ардын авьяастан” хүндэт тэмдгээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-29 15:55:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Дархан-Уул аймгийн Зураач, урчуудын эвлэлээс “Шинэ салхи” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 25-28-ны өдрүүдэд Залуучууд театрт зохион байгууллаа. “Шинэ салхи” үзэсгэлэнд зураач, урчуудын 50 гаруй уран бүтээлийг дэлгэн толилуулав.


Үзэсгэлэнгийн үеэр эсгий урлалын бүтээл, бүтээгдэхүүнээр улс, бүс, аймаг орон нутгийн чанартай тэмцээн уралдаан, үзэсгэлэнд амжилттай оролцож, залуу үеэ манлайлан хариуцлагатай, идэвх зүтгэлтэй ажиллаж буй уран бүтээлч Т.Жаргалсайханыг Засгийн газрын шагнал “Ардын авьяастан” хүндэт тэмдгээр шагналаа.


Т.Жаргалсайхан нь 1998 оноос эхлэн ноос боловсруулж эсгий урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Монголын үндэсний урлал болон эсгий урлагийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд сургалт зохион байгуулах, эсгий дээр дүрслэх урлалын бүх төрлийг хийх боломжийг судалж, нэвтрүүлж буй уран бүтээлч.

Шагналыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Чагнаадорж гардуулан өгч, өөрийн авьяас билэг, ур ухаанаа хөгжүүлэн үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Related news