ДАРХАН-УУЛ: НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-06-24 17:49:39

Дархан, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Б.Азжаргал, НБХ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашийдтай хамтарсан уулзалт хийлээ.


Уулзалтаар аймаг орон нутаг, НҮБ-тай хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.


НҮБ-ын Хүн амын сан нь (UNFPA) 2007 оноос эхлэн сэргийлж болох эхийн эндэгдлийг бууруулах, хүн амын хөгжлийн бодлогыг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах гэсэн үндсэн гурван мандат (mandate) буюу эрхэм зорилготойгоор ажиллаж байна.




Уулзалтаар орон нутгийн зүгээс нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өрх, хүүхдүүдийн судалгааг гаргаж, тэдэнд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлдэг “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, алслагдсан сум, дүүрэг, гэр хорооллын багийн ЕБС-ийн сурагчдад тэгш хүртээмжтэй боловсролыг олгох, ялгааг арилгах чиглэлд англи болон бусад гадаад хэлний сургалтуудыг явуулах зэрэг үйл ажиллагаанд НҮБ-ын ХАС-гаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.




Мөн өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулсан байдлын талаар харилцан санал солилцлоо.


Суурин төлөөлөгчийн зүгээс утаат болон электрон тамхины хор хөнөөлийн эсрэг уриалгыг бусад ОУБ-ууд болон Монгол улсын төр захиргааны байгууллагуудад уриалан ажиллахаа илэрхийллээ.


Талууд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Суурин төлөөлөгч үргэлжлүүлэн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Related news