ДУНДГОВЬ: “Их хүндэтгэл-80” тоглолт Улаанбаатараас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-23 16:45:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр (ТХДЖТ) 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотноо “Их хүндэтгэл-80” тоглолтоо өргөн барьж, дуу хуур, өв соёлоо сурталчилжээ.

Тус театр 1942 онд аймаг байгуулагдахад анх шаваа тавьсан нь энэ жил аймаг байгуулсан 80 жилийн ойтой давхцаж, энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Их хүндэтгэл-80” концертыг бэлтгэн, Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар"-д тоглолтоо Улаанбаатар хотоос ийнхүү эхэллээ.


ТХДЖТ нь 1942 онд арван ханатай том “Улаан гэр”-ийг барьж, соёл урлагийн үйлчилгээг эхлүүлсэн ба “Улаан гэр” нь 1950 онд Клуб, 1958 онд Соёлын ордон, 1989 онд Хөгжимт драмын театр, 1998 онд Театр киноны хүрээлэн, 2006 онд ТХДЖТ  болон өргөжсөн түүхтэй.

“Монголын Үндэсний урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж, “Дуу хуурын өлгий“ нутгийн онцлог, түүх соёл, ёс заншлыг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн болон монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих ур чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан мэргэжлийн урлагийн байгууллага байх” Эрхэм зорилготой тус байгууллага жилдээ шинээр 2-3 шинэ уран бүтээл гаргаж, 1-2 жүжиг, 5-6 уран бүтээлийг шинэчлэн, найруулан тавьж, жилд дунджаар 40-50 мянга гаруй үзэгчдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.


Дундговь аймагт Соёл урлагийн байгууллага үүсэж хөгжсөн түүхт 80 жилийн ой болон “Их хүндэтгэл-80” тоглолтын утга санаа, онцлог, тоглолтоо яагаад “Их хүндэтгэл” хэмээн нэрлэх болсон талаар ТХДЖТ-ын дарга Д.Доржсүрэнгээс тодруулахад “Дундговь аймагт анх 1942 онд Соёл урлагийн байгууллага үүссэн гэж үздэг. Алдарт дуучин Ширчинжунай гэж хүн  Дэлгэрхангай уулын хошуунаас 10 ханатай гэр авч ирж барьснаар анхны гал голомтоо бадраасан.

Манай аймагт Соёл урлагийн байгууллага анх үүсэж, “Улаан гэр” байгуулах үед Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад гуай тэнд зарлага, бичээч хийж явсан түүхтэй.



Тэгээд 80 жилийн түүхэн хугацаанд манай театрын алтан тайзнаас мөн ч олон алдартай дуучид, жүжигчид төрөн гарлаа шүү дээ. “Дуу хуурын өлгий нутаг” гэж түмэн олондоо хүндлэгдэх тэр алдар, нэр хүндийг авч ирсэн үе үеийн алдартнуудаа дурсан, хүндэтгэл үзүүлэх гэсэн утга агуулгатайгаар тоглолтоо “Их хүндэтгэл” гэж нэрлэсэн.

Түүнээс гадна манай хамт олон МҮОНРТ-ийн урын санд тоглолтоо бичүүллээ. “Уяхан замбуу тивийн наран” түүхэн ном бүтээж байна. “Их хүндэтгэл-80”, “Дуу хуурын орон” гэсэн хоёр DVD гаргалаа. Энэ бол түүхэн ойдоо, энэ түүхийг бүтээсэн алдартнууддаа, ард түмэндээ барьж буй бидний бэлэг юм.

Тоглолтын хувьд ардын урлаг, сонгодог урлаг гээд уран бүтээлийн бүхий л төрөл, нэмээд нутгийн сэдэвт бүжиг, дуу хуураа оруулсан. 

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглаж, Шинэ Үндсэн хуулиа баталсан тэр өдрөөр аймагтаа “Үзвэрийн нээлт”-ээ энэхүү тоглолтоороо хийж, үргэлжлүүлээд маргааш нь алдарт гавьяат уран зохиолч С.Буянэмэхийн амьдрал уран бүтээлээр хийсэн “Хуучир хуучилсан хууч” түүхэн жүжгээ тоглоно. Өнөөдөр Багануурын ард түмэндээ тоглолтоо өргөн барихаар явж байна” гэлээ. 




Related news