Б.Алтантөгс: Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-18 13:29:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар Дундговь аймгийн 10 суманд илэрч, тус аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 384 боллоо.

Сүүлийн 24 цагт Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Адаацаг, Өлзийт, Сайхан-Овоо, Сайнцагаан суманд нийт 55 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ.

Одоогийн байдлаар халдвартай нь батлагдсан болон сэжигтэй 336 иргэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа ба тэдгээрийн 267 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүний биеийн байдал хүндэвтэр, 10 хүн хүнд, хоёр хүн маш хүнд байдалтай байна.

Сүүлийн 24 цагт 221 хүнээс PCR, 243 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан ба өнөөдөр 68 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад байгаа аж.

Тус аймгийн хэмжээнд 41732 иргэн дархлаажуулалтад хамрагдсан ба дархлаажуулбал зохих иргэдийн 74,5 хувь нь эхний тун, 61,4 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Аймгийн хэмжээнд халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, хүнд, хүндэвтэр хүний тоо өсөх хандлагатай байгааг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс онцлоод иргэдийг дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ барих, шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, байрны гадна хүүхдүүдийг олноор нь тоглуулахгүй байхыг анхаарууллаа. 

Related news