Ази-Европын орнуудын төлөөлөл хүнсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-20 19:34:27

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Энэ удаагийн уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн 3 сэдвийн дагуу өрнөж байгаа юм. Иймээс өнөөдрийн уулзалт Ази Европын бүс нутгийн хүнсний хангамж, ХАА-н гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага, Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил дамнасан малын халдварт өвчин зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавив.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Д.Галлахер, "Энэхүү уулзалт бол Ази-Европын хүнсний аюулгүй байдлын асуудлаарх хамгийн чухал уулзалт юм. Өнөөдөр дэлхий даяар генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний асуудлыг хөндөж тавьж байна. Иймд Ази-Европын орнууд шаардлага, стандартуудаа нэгтгэж, хүнсний аюулгүй байдлыг чангатгах талаар ойлголцох, нэгдсэн зөвлөмж гаргана. Энэ нь тодорхой үр дүн авчирна гэдэгт найдаж байна" гэсэн юм.

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдын хувьд, “Уулзалтын хүрээнд Монголын ХАА, ялангуяа бэлчээрийн МАА-н нөхцөл байдлыг олон улсын байгууллага, төлөөлөгчдөд танилцуулж байна. Монгол Улс экологийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч түүнийг олон улсын зах зээлд гаргах нөхцөл бүрэн бүрдэхгүй байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлын олон улсын дүрэм журамтай холбоотой. Энэхүү дүрэм журмын хүрээнд шийдүүлэх асуудал цөөнгүй байна. Тодорхой улс орон, байгууллагаас ямар шаардлага тавьж байгаа, нөгөө талд монголын онцлог бүхий бэлчээрийн МАА-н онцлог, хүнсний аюулгүй байдлын талаар мал эмнэлэг хариуцсан албаны хүмүүст тодорхой түвшинд танилцуулахыг зорьж байна. Танилцуулсаны үндсэн дээр өөрийн орны экологийн чанартай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүнсний аюулгүй байдлын чанар стандартад нийцүүлэн экспортлох таатай боломж олон улсын энэхүү хурлаас нээгдэнэ гэж харж байгаа. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм” гэлээ.

Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Э.Эрдэнэчимэг Монгол орны хүнс, ХАА-н салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Манай улсын ХАА-н үйлдвэрлэлийн зонхилох хувийг МАА-н үйлдвэрлэл эзэлдэг. Хамгийн сүүлийн мэдээгээр манай улс 50 гаруй сая толгой мал тоолуулсан. Түүнчлэн Монгол Улс малын тоо толгойгоороо болон нэг хүнд ноогдох мах махан бүтээгдэхүүний хэмжээгээрээ тэргүүлэх байранд орж байгаа. Нэг хүнд ногдох жилийн махны хэмжээ 73 кг. Өөрөөр хэлбэл дотоодын нийт хэрэглээгээ бүрэн хангаж байгаа” гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Манай орны хувьд бэлчээрийн МАА эрхэлдэг онцлогтой орон. Тиймээс малын халдварт өвчний өвчлөл багагүй сөрөг нөлөө үзүүлдэг. Мал эмнэлэг үржлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвхүүгээс мал эмнэлгийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг сонирхоход, “Улс орнууд шүлхий, үхрийн мялзан, Африкийн гахайн мялзан, гахайн сонгомол мялзан, үхрийн цээж зэрэг 7 өвчлөл дээр “Эрүүл” гэсэн статусыг олон улсын байгууллагаас авах ёстой. Хэрэв эрүүл гэсэн үнэлгээ авсан бол тухайн улсаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн чөлөөтэй гарч болно гэсэн үг. Манай улс эдгээр 7 өвчнөөс зөвхөн нэг дээр нь “Эрүүл” гэсэн статус хангасан. Тэдгээр өвчнөөс 4 нь Монголд гарах магадлал бага. Учир нь Африк зэрэг тодорхой бүс нутагт эдгээр өвчлөл гардаг. Гэтэл  байнга гардаг буюу гарах магадлалтай мал амьтны гаралтай өвчин байсаар байгаа юм. Тиймээс улсаараа эрүүл гэсэн статус авахын зэрэгцээ бүс нутгаараа энэхүү статусыг авч болдог. Түүнчлэн худалдаа хийж буй хоёр улс бие биедээ итгэлцлийн үндсэн дээр тодорхой шалгуурын дагуу худалдаа хийхийг олон улсад зөвшөөрсөн байдаг. Одоогийн байдлаар тодорхой бүс нутгийг эрүүл бүс нутаг болгох Засгийн газрын бодлого хэрэгжиж байна. Мөн хөрш зэргэлдээ улс орнууд малын гаралтай өвчлөл, тэр дундаа шүлхийн өвчлөлөөр “Эрүүл” гэсэн статус авч байна. Гадна талын нөхцөл байдал ийн хяналтад ороод эхэлвэл тэр хэрээр манай улсад үүсэх эрсдэл төдий хэмжээгээр буурна гэж үзэж байгаа” гэв.

Ази-Европын орнуудын хүнсний аюулгүй байдал, ирээдүйн чиг хандлагыг өгүүлсэн илтгэлд, “Европын холбооны 28 орныг нэг орон гэж үзэх хэрэгтэй. Тиймээс энэ холбоонд нэг дүрэм журам үйлчилж байгаа. Ази бол экспортын том зах зээл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 28 өөр дүрэм журам гаргах гэхээсээ зөвхөн нэг тогтсон дүрмэнд нийцүүлэх нь аль аль талдаа хөнгөвчилсөн арга байхаасаа гадна хүнсний аюулгүй байдлыг хангаж чадсан хэлбэр болдог" гэдгийг онцлов.

Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news