Чөлөөт бөхийн баг Дэлхийн цомд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-09 11:23:06

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 8 байр эзэлсэн баг урилгаар оролцдог чөлөөт бөхийн барилдааны “Дэлхийн цом”-ын АШТ энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо болно.

Энэхүү шилдэг багуудын халз тэмцээнд 2015 оны ДАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, дэлхийн ТОП 4 багийн нэгээр тодорсон Монголын шигшээ багийн эрчүүд энэхүү хүндтэй дэвжээнд гарч хүч, ур чадвараа сорино. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс манай шигшээ багийн тамирчин Б.Номин /61 кг/, П.Өнөрбат /74 кг/ нар мөнгө, Э.Бэхбаяр /57/ хүрэл медаль хүртэж, Г.Мандахнаран /65 кг/, Ж.Чулуунбат /125 кг/ нар шагналт V байр эзэлсэн амжилтаар Монголын эрэгтэй баг ОХУ, АНУ, Гүржийн багуудын дараа 41 оноогоор IV байрт шалгарсан юм.

Шилдэг багуудын “Дэлхийн цом-2016” АШТ-д өрсөлдөх Монголын Улсын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарсан байгаа. ДЦАШТ-ий хуваарийн дагуу энэ сарын 11-нд Монгол-Турк, ОХУ-Монгол, харин 12-нд Гүрж-Монголын багийн халз барилдаан болохоор сугалаа гараад байна.

Манай гурван тамирчин визний асуудлаас болж хоцорсон ч асуудал шийдэгдэж, өчигдөр багийнхаа араас мордсоноор бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тэмцээнд оролцох боломжтой болсон. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан багууд алт, мөнгө, хүрэл цом болон 50, 30, 20 мянган ам.долларын мөнгөн шагналын эзэд болно.

Сугалааг танилцуулбал, А хэсэгт: Монгол, ОХУ, Гүрж, Турк, Б хэсэгт: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг улс тус тус багтжээ. Монгол Улсын шигшээ багийн 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Т.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар хүч үзэх бол багийн дасгалжуулагчаар гавьяат Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар ажиллана.

Д.Өлзий

Related news