Баталгаатай нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар хамтран өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл “Гэрээгүй тээвэр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Албаныхан мянганы замын босоо тэнхлэг буюу Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зөвшөөрөлгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолооч нарын хууль бус үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, босоо тэнхлэгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол, хэргийг бууруулах зорилгоор ажилласан аж.
Жолооч нар хууль бусаар гэрээгүй “Alphard”, “Sonata-6,7” маркийн автомашинаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотоос шөнийн 22.00-02.00 цагийн үед Замын-Үүд сумруу гарч өглөөний 06.00-08.00 цагийн хооронд Замын-Үүд суманд ирээд орой 16.00-19.00 цагийн хооронд Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд дахин хүн авч буцаж байгаа нь жолооч хоёр шөнө нойр дутуу явж зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан болж байгаа талаар Цагдаагийн хэлтсээс мэдээлсэн юм.
Зөвхөн хоёр хоногийн хугацаанд л гэхэд Сайншанд сумын хяналтын постод таван зөрчил, Замын-Үүд сумын хяналтын постод 10 зөрчил нийт 15 тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэсэн зөрчил илэрснийг авто тээврийн улсын байцаагч 1.500.000 төгрөгөөр торгожээ.
Тиймээс зорчигчид хот хооронд зорчихдоо батлагдсан нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав. Цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг тогтмолжуулж, хариуцлага тооцох ажлыг хэвшүүлэхээр болжээ.