Үерийн гамшигт өртсөн Айраг сумын зорилтод иргэдэд тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-23 11:08:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч наймдугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт өртсөн Айраг сумын зорилтод иргэдэд “Каритас Монгол” олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас тусламж үзүүллээ.

Тусламжийн байгууллагынхан гамшигт өртсөн айл өрх болон зорилтот бүлгийн 37 өрхөд дулаан хувцас, хөнжил, хүнс, эрүүл мэндийн багц, өвлийн нүүрс түлээний тусламж үзүүлж, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн иж бүрэн засварыг хийж өглөө.

Мөн амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, орон гэр нэн шаардлагатай хоёр өндөр настанд таван ханатай гэр, давхар бүрээс олгосон юм.

Дашрамд дурдахад “Каритас Монгол” олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллага нь 2015-2016 оны өвөл тохиолдсон зудын гамшигт өртсөн Дорноговь айгийн долоон сумын малчин өрхөд хүнс, өргөн хэрэглээний зарим бараа болон хувцасын тусламж үзүүлж байсан юм.

Related news