Цонхны засвар дуусаагүйгээс хүүхдүүд спорт заал, соёлын танхимдаа хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Өвлийн хүйтэн хаяанд ирчихээд байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн хичээлийн болон дотуур байрны цонхны шинэчлэлийн ажил дуусаагүй байна.
Юунаас болоод ажил удааширсан талаар тодруулах гэсэн боловч компанийн даамал Балжинням гэх хүн компанийн нэрээ нууцалж, мэдээлэл өгөхөөс татгалзав. Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Зоригт-Эрдэнэ албан ажлаар эзэнгүй байгаа аж. Тус сургууль 1729 сурагч, 47 бүлэгтэй. Өглөө 24, үдээс хойш 27 бүлэг ээлжээр хичээллэдэг. Барилгын модон цонхыг вакум болгон шинэчлэхээр гүйцэтгэгч компани сургуулийн нийт 266 орчим цонх солих бөгөөд нэгээс гурван давхарын зүүн жигүүр рүү нэвтэрдэг хэсгийг бүрэн хааж засварын ажил хийж байгаа аж.
Одоо ажил хэдэн хувьтай байгаа талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. “Засварын ажилтай холбогдуулж сургуулиас спорт зааланд бага ангийн 1-3 бүлэг, соёлын танхимдаа мөн 1-2 бүлэг хичээллүүлж байгаа. Сургалт хэвийн явагдаж буй ч анги танхим хүрэлцээгүй, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй, дуу чимээ ихтэй, хүүхдүүдийн суралцах орчинд сөргөөр нөлөөлж байна. Сургуулиас барилгын ажлыг хийж байгаа гэсэн анхааруулах таних тэмдэг байршуулж, багш нар жижүүрлэн ажиллаж байгаа” гэж ахлах ангийн сургалтын менежер А.Алтанзаяа хэлсэн юм.
Мөн цаг агаар хүйтэрч өвөл болж байхад сурагчдын суралцах орчин зөрчигдөж байгаа талаар хүүхдүүдээ хүргэдэг, эцэг эхийн төлөөлөл хэлсэн юм. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас авсан мэдээллээр цонхыг шинэчлэх тендер шалгаруулалтыг аймгийн Орон нутгийн өмчийн газар 2018 оны долдугаар сарын 07-нд зарлаж тендер шалгаруулалтыг нээхэд “Зэт Ай И Ти” ХХК шалгарч сургуулийн захиргаа, компани хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 10-н гэхэд ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн ч ажил урагштай явахгүй өдий хүрсэн аж.
Одоогоор 56 цонх суурилуулжээ. Мөн дотруур байрны гадна талын пассадны ажил 60 орчим хувьтай байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар компани вакум цонхоо хотод хийлгээд нааш нь татаж авдаг бөгөөд цонхныхоо хэмжээг буруу авснаас хоёр ч удаа тааралгүй буцсан гэх.
Энэ асуудлаар аймгийн
Орон нутгийн Өмчийн газар, ЗДТГ-ын ХОХБТ-ын хэлтэс, ГХБХБГ-ын албаны хүмүүс танилцаж ажил гүйцэтгэх гэрээг
цуцалж шүүхэд хандах болсон талаар ГХБХБГ-ын БХБ-ын хэлтсийн дарга Ц.Баярмаа
хэллээ. Мөн энэ долоо хоногтоо багтаан
сурагчдын сурах орчныг бүрдүүлж анг
танхимыг хэвийн байдалд оруулахыг үүрэг болгосон байна.