ИТХ-ын ээлжит хурал 10 дугаар сарын 12-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 10 дугаар сарын 12-нд хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар хэлэлцүүлэх
асуудлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад өргөн барилаа.
ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц,Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах, журамд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ өнгөрсөн хугацаанд 10 хуралдаж нийт 46 тогтоол гаргажээ. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт болох асуудлыг салбар хуралдаанаар удаа дараа хэлэлцэж Монгол Улсын Засгийн газарт саналаа хүргүүлснээр Засгийн газрын шийдвэр гарсан.
Мөн эрчимжсэн мал аж ахуйтайгаа уялдуулаад эрчимжсэн үхрийн аж ахуй хөгжүүлэх хөтөлбөр, зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол, орон нутгийн томоохон уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
Харин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ онд нийт 10 удаа хуралдаж, 97 тогтоол шийдвэр баталжээ.Цөлжилтэй тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө, тогтвортой хөгжлийн түншлэл хамтын ажиллагааны зөвлөл, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд тус бүрт ажлын хариуцлага дээшлүүлэх зэрэг одорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийгмийн бодлогын чиглэлээр “Жаргалтай гэр бүл”, “Залуус боломж”, “Сэлэнгийн ирээдүй” гэсэн гурван хөтөлбөр баталсан нь амжилттай хэрэгжиж байгаа аж.
Ч.Отгонцэцэг