Гемодиализын тусламж үйлчилгээг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-02-19 16:57:33

Өнөөдөр Гемодиализын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эмчилгээний хэрэгцээ, хүртээмж хүндрэл цаашид анхаарах асуудлаар ЭМСЯ-ны удирдах ажилтнууд болон мэргэжлийн байгууллагын дарга, эмч нар оролцож дэлгэрэнгүй ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 эрүүл мэндийн байгууллагад 95 гемодиализын аппарат ажиллаж байгаагийн гурвыг нь цочмог, 89 аппаратыг архаг гемодиализын эмчилгээнд ашиглаж байна. Архаг гемодиализын эмчилгээнд ашиглаж байгаа нийт аппаратын 56 нь нийслэл болон нийслэлийн алслагдсан дүүргүүд, 33 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж нийт 429 хүнд бөөр орлуулах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Уулзалтын үеэр Монгол Улсад сүүлийн арван жилд хүн амын өвчлөлийн шалтгаанд бөөрний эмгэг 3-4 байр, 20-44 насны залуучуудын өвчлөлийн шалтгаанд  хоёрдугаар байр, 10-19 насны хүүхэд, өсвөр насныхны өвчлөлийн 3-4 р шалтгаан болсон.

Бөөрний дутагдалд хүргэх үндсэн шалтгаан нь  бөөрний эмгэг,  чихрийн шижин, артерийн гипертензи өвчний хүндрэлээс  болж   бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна.

Манай хүн амын дийлэнх нь сууршдаг нийслэлийн төвийн дүүргүүдэд гемодиализын аппарат байхгүйн улмаас бөөр орлуулах эмчилгээг огт хийхгүй байгаа ба зөвхөн  төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд байгаа  56 аппаратаар (шаардлагатай аппаратын түвшнөөс 3 дахин цөөн) аппаратаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тул үйчилгээний хүртээмж багасаж, хүлээгдэл ихсэх гол шалтгаан болж байна хэмээн ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн  мэргэжилтэн  М.Оюунчимэг  илтгэлдээ  онцолсон юм.

Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын гемодиализын эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж  байгаа олон үйлчлүүлэгч байгаа учраас цаашид  тусламж үйлчилгээний зохицуулалт хийхгүй бол хүлээгдэх иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа.

Нийслэлд гемодиализын тусламж үйлчилгээг УНТЭ, ХСҮТ гурван ээлжээр, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ хоногт хоёр ээлжээр үзүүлж байгаа бөгөөд  эдгээр эмнэлгийн боломжтой аппаратыг гурван ээлжид шилжүүлж, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний цалин болон урсгал зардлыг нэмэлтээр шийдвэрлэх шаардлагатай байгааг ч мэргэжлийн байгууллагын удирдлагууд хэлж байв.

Энэ уулзалтаар НЭМГ, Дүүргийн ЭМБ-уудыг гемодиализын тусламж, үзүүлдэг болох бэлтгэл ажлыг хангах, ГССҮТ гемодиализын тусламж үйлчилгээг эхлүүлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг шуурхай авч харъяалалын дүүргийн иргэдэд үйлчилж эхлэх, Улсын нэгдүгээр эмнэлэг мэргэжил удирдлагаар хангаж ажиллах,  тус  төв эмнэлгээр  үйлчлүүлж байгаа  ХУД-ийн иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй хэвээр үлдээх зэрэг  саналыг тусган Эрүүл мэндийн байгууллагуудад  албан ёсоор  хуваарийг хүргүүлэх  шийдвэрийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гаргалаа.

Д.Өлзий

Related news