Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног-ийг “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт-Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн улс орнууд 1992 оноос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног хэмээн тэмдэглэж байна. Эхийн сүү бол хүүхдийн дархлааг дэмжиж биеийн болон оюуны хөгжлийг хангадаг байгалийн юугаар ч орлуулшгүй тэжээл юм. Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь тэдний эрүүл мэндэд нэн тустай. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдүүдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 72 хувиар, амьсгалын замын халдвараас шалтгаалсан нь 57 хувиар буурдгийг тогтоожээ.
Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллолт нь 59.8 хувь, 6-23 сартай хүүхдийн эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолтын хувь 69.7 байсан нь 2017 оныхтой харьцуулахад харьцангуй багассан үзүүлэлт юм. Тиймээс цаашид эхийн сүүгээр хооллолтыг бүх түвшинд дэмжин ажиллах шаардлагатайг салбарынхан онцолж байна.
Хүүхдийн эмч, Zint эмнэлгийн зөвлөх эмч Т.Навчаа хэлэхдээ, “Эхийн сүүнд дархлааны уургууд агуулагддаг. Энэ нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог тэр чигт нь бүрхдэг гэж ойлгож болох юм. Тиймээс өвчин үүсгэгч вирус нянгууд хоол боловсруулах замыг гэмтээхгүй. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчин, хэт хөдөлгөөнтөх хам шинж, цусны хорт хавдар зэргээс ч сэргийлэх боломжтой. Мөн хөхний сүү оюуны хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, IQ нь дунджаас дээш түвшний хүмүүсийн 39 хувь нь хөхөөр хооллож өссөн байдаг. Иймээс хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг уриалж байна" гэв.
ДЭМБ-ын
Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эксаланте ярихдаа, "Ээж
бүрт эхийн сүүгээр хооллох нь ямар их ач холбогдолтойг түгээх нь чухал. Мөн эхийн сүүгээр хооллох орчныг бүхий л газарт хангаж, тогтвортой
дэмжлэгт орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газраас эхийн
сүүгээр хооллолтыг идэвхтэй дэмжин ажилладаг. Нялх балчир хүүхдийн
хүнсний тухай хуулийг 2017 онд батлахдаа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын
шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн
хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг
шинэчилж тусгасан. Энэ нь маш үр дүнтэй ажил болсон. Цаашид ч эхийн сүүг
орлуулагч бүтээгдэхүүний зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй” хэмээв.
Ташрамд дурдахад, олон улсад эхийн сүүгээ авч чадахгүй байгаа нярайг донор эхийн тусламжтай сүүн тэжээлээр хооллодог. Улсын хэмжээнд "Өргөө" амаржих газар анхны донор эхийн сүүн банкийг өнгөрсөн онд байгуулсан. Тэгвэл Дархан-Уул аймгийн эмнэлэгт энэхүү донор эхийн сүүн банкийг байгуулахаар ажиллаж буй аж.