Х.Мөнгөнцэцэг: Хүүхдийг хөхөөр хооллох нь дархлааны тогтолцоо, тархины хөгжлийг дэмждэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-08-04 15:47:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь тэднийг насан туршид нь халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, цусны хорт хавдар, шүдний эмгэг, харшлаас хамгаалдаг байна. Гурван гал эмнэлгийн Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэгээс дараах асуултад хариулт авав.


-Сүүлийн үед завгүй амьдралаас үүдэн ээжүүд хүүхдээ эрт хөхнөөс гаргаж, хуурай сүү хэрэглэх болсон.  Хүүхдийг хөхөөр хооллох нь ямар ач тустай вэ?

-Хөхөөр хооллох нь уушгины хатгалгаа, суулгалт зэрэг зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх буюу хүүхдийн дархлааны тогтолцоог бий болгодог. Ээж хүүхдээ хөхүүлж байх үед хүүхдийн тархинаас хайрын даавар болох окситоцин ялгаран, хүүхдийн уураг тархины хөгжлийг дэмждэг болох нь тогтоогдсон. Уураг тархины хөгжил амьдралын эхний хоёр жилд эрчимтэй явагддаг буюу хөхөөр хооллох нь хүүхдийн насан туршийн дархлаа болон өсөлтөд нөлөөлдөг.


-Хүүхдээ хэдэн нас хүртэл нь хөхөөр хооллох нь зөв юм бол. Хүүхдээ хөхнөөс гаргахдаа ээжүүд гавар түрхэх, сүүгээ ширгээх гэж хүйтэн усаар шавшдаг гэх яриа бий. Хүүхдээ хөхнөөс яаж гаргах нь зохистой вэ?

-Хүүхдийг хоёр нас хүртэл хөхөөр хооллох нь зөв. Хоёр наснаас дээшээ байсан ч ээж нь хүсвэл хүүхдээ хөхөөр хооллож болно. Хүүхдээ хөхөөр хооллох тусам шүд цоорох эмгэг, шүдний буруу ургалт, амны хөндийн зуултын гажигаас хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон. Хүүхдэдээ хэт бага насанд чихэр өгөх, амны хөндийн эрүүл мэндийг сахихгүй байх нь шүд цоорох зэрэгт нөлөөлдөг. Хүүхдээ хөхнөөс гаргахдаа аажим аажмаар дасгаж буюу хөхний сүүгээ сааж бэлдэн, бор хоолонд оруулсны дараа гаргах нь илүү амар байдаг. Мэргэжлийн эмчид хандалгүй, бусдаас сонссон зүйлээ хэрэглэх нь эх болон хүүхдэд аюултай. Ээжийн хөх гэмтэх, хүүхэд гэнэтийн сэтгэл санааны цочролд орох зэрэг сөрөг нөлөө үзүүлж болно.

Мөн эхчүүд анхны төрөлт сүү сайтай гэж ярьдаг ч сүү ялгарч буй хугацаагаараа өөр байдаг. Эхний тав хоногт ялгарч байгааг нь ангир уураг, дараагийн 14 хоног хүртэл шилжилтийн сүү, түүнээс хойш боловсорсон сүү гэж гарна. Ангир уураг бага гарч байгааг ээж нар сүү бага байна хэмээн ойлгодог. Сүүний эхний хэсэг нь усны агууламж их буюу шингэн байдаг бол сүүл рүүгээ уураг, өөх тосны агууламж ихсэн өтгөрдөг. Зарим ээж би өтгөн, шингэн сүүтэй гэж ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Эхийн сүүний найрлага бүгд ижил. Харин ч бүр хүүхдэд тань юу хэрэгтэй байна, түүнийгээ дагаад найрлага дахь шим тэжээлийн аль нэг нь их болж давамгайлдаг.


-Кесарево буюу хийсвэр хагалгаа хийлгэсэн болон өөрөө амаржсан эхийн хөхний сүүний гарц өөр байдаг уу?

-Хийсвэр хагалгаа болон өөрөөрөө төрсөн эхийн сүүний гарцад ялгаа байдаггүй. Тухайн эх маань жирэмслээд төрсөн л бол хөхөнд сүү оруулдаг болон окситоцин даавар ялгаран хүүхдээ хөхүүлдэг. Харин хийсвэр хагалгаагаар төрсний дараа эх хүүхэд хоёр тусдаа байснаараа сүүний гарц багасдаг. Тиймээс ангир уургаа хурдан амлуулах хэрэгтэй.


-Эхийн сэтгэл санааны байдал сүүний гарцтай шууд холбоотой юу?

-Эхийн сэтгэл санааны байдал, стресс гэлтгүй эрүүл мэнд нь хүртэл шууд нөлөөлдөг. Төрсний дараах сэтгэл гутралд орох, хямрах зэрэг нь сүүний гарцыг багасгадаг. Ээжүүд маань тайван байж, хүүхдээ хөхөөр хооллох нь маш чухал.

 

Мэдээг бэлтгэсэн Т.Хулан

Related news