Б.Серикгүл: Зөгийн балыг Алтанцөгц сумын брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-11 23:38:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Баянбулаг" компани 2017 оноос тус аймгийн Алтанцөгц сумын нутагт зөгийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Тэрээр энэ сарын 10-ны өдөр Өлгий хотод зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд-2018" үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнүүдээ танилцуулж "Аймгийн шилдэг бүтээгдэхүүн" Гран-При шагнал хүртсэн юм. Энэ үер тус компанийн менежер Б.Серикгүлээс зарим зүйлийг тодруулсныг уншигчдад хүргэе.

 - Танай компани зөгийн аж ахуй эрхэлж нэг жил гаруй хугацаа болсон байна. Зөгийнөөс ямар ямар бүтээгдэхүүн гаргаж авч байгаа вэ?
 
 - 2017 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгаас Карпат үүлдрийн зөгийн таван бүлийг авч ирж нутаглуулсан. Одоо зөгий маань үржиж 11 бүлтэй болсон байгаа. Монгол оронд  зөгийн балыг таримал цэцгийн болон байгалийн гэж ангилдаг. Манайх бол байгалийн зөгийн бал юм. Одоогоор зөгийн бал, цэцгийн тоос, балны хаалт, жилий, лав, хор, сүүнцэр зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна. Эрдэмтэд зөгийн бүтээгдэхүүнүүдийг 800 орчим төрлийн өвчинд эм болдог гэдгийг тогтоосон байдаг. Тийм учраас орон нутгийн ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахыг хичээж байна.
 
 - Зөгий үржүүлэх ажил мэдлэг, туршлага ихээр шаарддаг шүү дээ. Яагаад аж ахуйн энэ төрлийг сонгосон вэ?
 
 - Манай аав 1984-1991 онд Сэлэнгэ аймгийн Техник Мэргэжлийн Сургуульд зөгийчин бэлтгэх ангийн багшаар ажиллаж байсан туршлагатай хүн. Ээж бас зөгийн эмчээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ гараад бидэнд зөгийн аж ахуй, зөгийн ач тусын талаар мэдлэг, туршлагаа өвлүүлж байна.
 
 - Жилдээ хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
 
 - Өнгөрсөн жил 170 литр бал авсан. Харин энэ зун өвс ногоо оройтож гарсан тул бүтээгдэхүүн арай бага байгаа. Манай аймгийн газар зүйн байршил, уур амьсгалын онцлогоос шалтгаалан бал хураах хугацаа богино байдаг. Бал хураах үед байнга нүүж, өвс ногоо сайн ургасан газарт шилжиж байх шаардлагатай.  Зургадугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн хүртэл бүтээгдэхүүнээ авна. Бусад хугацаанд зөгийнүүд өөрсдийн хоол хүнсээ хураадаг юм.
 


 - Бүтээгдэхүүний эрэлт ямар байна?
 
 - Орон нутагт эрэлт маш их байгаа. Бүр зарим иргэд бал хураалтыг газар дээр нь очиж үзэн  худалдаж авч байна. Судлаачид баруун бүсийн зөгийн балын амт, чанар өндөр гэдгийг тогтоосон. Яагаад гэвэл тухайн бүс нутгийн өвс ногооны илчлэг чанар өндөр байдаг. Манай малын мах бусад нутгийн малын махнаас илчлэг ихтэй, амттай байдагтай адилхан юм.

 - Танай компани урдаа ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?

 - Зөгийн бүлийн тоог нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ Алтанцөгц сумын бренд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна.

 - Ярилцлага өгсөнд баярлалаа!

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ