Номын баярыг угтан хоёр төрлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-04 13:08:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сан, "Ном эрдэм" ТББ хамтран "Номын баяр 2018" арга хэмжээг энэ сарын 12-нд зохион байгуулна. Тус арга хэмжээг угтан энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд сурагчдын дунд хоёр төрлийн уралдааныг зохион байгуулахаа товлон зарлалаа.
Тодруулбал, ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчдын дунд "Номын баяр-Миний баяр" эсээ бичлэгийн уралдаан зарлаж байгаа бөгөөд дунд, ахлах ангийн төрөлд эхний гурван байрыг шалгаруулна. Мөн нийт уншигчдынхаа дунд "Номын сан миний нүдээр-Селфи" уралдаан зарлажээ. Зураг авах сонирхолтой хүүхэд багачуудад нээлттэй тус уралдаанд оролцохын тулд аймгийн Нийтийн номын санд ном уншихдаа, эсвэл хүрэлцэн очиж уншигчийн үнэмлэхээ үнэ төлбөргүй нээлгэж, номын сангийн аль ч хэсэгт селфи хийж уралдаанд оролцох боломжтой. Шинэлэг санаа, чөлөөтэй сэтгэсэн байдал зэргийг харгалзан эхний гурван байрыг мөн шагнаж, урамшуулахаа зохион байгуулагчид нь хэлэв. 
"Номын баяр 2018" арга хэмжээний хүрээнд нүүдлийн номын сан, үзэсгэлэн худалдаа, хуучин ном солилцоо, "50 номын хожил" танин мэдэхүйн асуулт хариулт тэмцээн зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Мөн өдөр "Ном эрдэм аян" 19 дэх жилийнхээ нээлтийг хийх бөгөөд тус баяр аймгийн Нийтийн номын сангийн гадаа талбайд болох юм.
                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ