"Дарын" сургууль математик, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-04 11:41:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын "Дарын" цогцолбор сургууль энэ жилээс математик, англи хэлний хичээлүүдийг гүнзгийрүүлэн заахаар болжээ.

Энэ талаар тус сургуулийн захирал Ш.Саматаас тодруулахад: "Энэ жил зургадугаар ангид математик, англи хэлний чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг хоёр бүлгийг шинээр нээж байна. Эдгээр бүлэгт дээрх хичээлүүд стандартын дагуу орно. Гэхдээ хүүхдүүд математик болон англи хэлийг бусад бүлгүүдтэй харьцуулахад  долоо хоногт 2-3 цагаар илүү судална гэсэн үг. Англи хэлний гүнзгийрүүлсэн бүлэгт гадаад багш хичээл заах юм. Энэ хоёр бүлэг маань жил бүр нэмэгдээд явна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа ямар чиглэлээр өгөх вэ, ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ гэдгийг хүүхдүүд эртнээс эцэг эх, багш нартайгаа зөвлөлдөж сонгоод, тухайн чиглэлийн хичээлийг зургадугаар ангиас ийнхүү гүнзгийрүүлэн судлах боломжтой болж байна" гэлээ.

"Дарын" цогцолбор сургууль нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн зургаан сургуулийн нэг бөгөөд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан хүүхдүүдийн тоогоор аймагтаа тэргүүлсэн ажээ.


Ө.Нурболат


Холбоотой мэдээ