"Өргөө" амаржих газар иж бүрэн тоноглосон түргэний машинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2018-08-31 14:39:32
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар өнөөдөр "Өргөө" амаржих газарт Герман Улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон "Волксваген" автомашиныг  "Go Help" Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас гардуулан өгөв.

"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан, "Манай байгууллагад Улсын төсвөөс олгосон түргэн тусламжийн зориулалттай, суудлын хоёр автомашин байдаг боловч яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоноглол байдаггүй, хүрэлцээ муу учир бид Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандаж байсан. О.Содбилэг гишүүн бидний хүсэлтийн дагуу "Go help" байгууллагад хандсанаар жил гаруй хугацаанд хөрөнгө босгож өнөөдөр яаралтай өвчтөн тээвэрлэхэд шаардлагатай бүх тоноглолоор хангагдсан автомашинтай боллоо. Эмнэлгүүдийн хооронд  дөнгөж төрсөн нярай, хүнд өвчтөн, жирэмсэн эхчүүд тээвэрлэх шаардлага их тулгардаг. Ийнхүү автомашинтай болсноор төрөлтийн эндэгдэл буурах, өвчтөнд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна" гэв. 



"Go help" Олон улсын хүмүүнлэгийн байгууллага Монгол Улсад өмнө нь эмнэлэгийн зориулалттай 40 гаруй машин хандивлаж байв.
 
С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ