Орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-29 12:07:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж “НИТХ-ын 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Орон нутгийн өмчит хаалттай ХК-иудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Орон нутгийн өмчит хаалттай ХК-иудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох тухай асуудал дээр тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-д заавал НИТХ-ын төлөөлөл байх эсэх, хараат бус гишүүдэд мэргэжлийн болон холбогдох салбарын хүмүүсийг оруулж байх талаар саналаа хэлж байв. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс “Орон нутгийн өмчит ХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг сонгож буй хэдий ч ачир дээр хуралдаа суудаггүй, хурлаа хийдэггүй хүмүүс бий. Тэгсэн хэр нь цаасан дээр нэрээ бичүүлэх гэж явдаг. Жишээ нь ТУЗ-ийн хурлаа тогтмол хийдэг газар байна уу?” хэмээн шүүмжлэлттэй хандаж байв. Уг нь орон нутгийн өмчит ХК-иудын ТУЗ улиралд нэг удаа хуралдах журамтай боловч өнөөдрийн хуралдаанаас хэлэлцсэн “Автохудалдааны төв- цогцолбор” болон “Зорчигч тээврийн 3-р автобааз” зэрэг орон нутгийн өмчит ХК-иуд ТУЗ-ийн хурлаа хийгээгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байв.
Хуралдаанаар Нийслэлийн өмчид бүртгэн авах барилга байгууламжийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас танилцуулж, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 240 ортой 46-р хүүхдийн цэцэрлэг, 125 ортой мөн хүүхдийн цэцэрлэгийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж тохижолтыг нийслэлийн өмчид бүртгэн авч ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахаар болов. Энд мөн Налайх дүүргийн 2-р хороонд байрлах 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэхээр болов. Цэцэрлэгийн барилгуудыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Налайх дахь хүүхдийн эмнэлгийн барилгыг БНХАУ-ын Энхтайваны сангийн хөрөнгөөр тус тус барьжээ.
Б.Болд
 
Холбоотой мэдээ