ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагч, багш, сургуульд 50 орчим сая төгрөгийн урамшуулал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-27 22:52:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны V хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагч, түүний бэлтгэсэн багш, сургуульд мөнгөн урамшуулал олгохоор журамласан юм. Дээрх журмын шаардлагыг энэ жил 95 сурагч хангасан бөгөөд тэд өчигдөр болсон "Багш нарын бага хурал"-ын үеэр аймгийн удирдлагаас батламжаа гардаж авлаа.

Тус аймгийн хувьд 2018 онд элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр гурван шатаар урагшилж, аймгуудаас 18 дугаар байрт орсон юм. Энэ талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан бага хурлын үеэр хэлсэн үгэндээ: "Манай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр сүүлийн 26 жил 21 дүгээр байрт явж ирсэн. Бид үүнийг ахиулахын тулд "Бага боловсрол, эх хэл, монгол хэлний чанарыг сайжруулах", "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх" аймгийн дэд хөтөлбөрүүдийг баталж, 2016 оноос 12 дугаар ангийн сурагчдаас сар болгон, багш нараас улирал бүр аймгийн Засаг даргын нэрэмжит түвшин тогтоох шалгалт авдаг болсон юм. Энэ ажил маань үр дүнгээ өглөө. Орос хэл, англи хэл, физик, математикийн хичээлээр улсад эхний таван байрт орлоо. Бид амалсан ёсор амжилт гаргасан сурагч, багш, сургуулиудаа урамшуулахаар нийтдээ 50 орчим сая төгрөг шийдвэрлээд байна. Бидэнд амжилтаа ахиулах боломж байгаа. Үүний тулд монгол хэл болон эх хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нараа чадавхжуулах, хос хэлний боловсролын стандарт бий болгох чиглэлээр хамтран ажиллах болно" хэмээлээ.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас 800 оноо авсан есөн хүүхэд тус бүр 500 мянга, тэднийг бэлтгэсэн багш нар тус бүр нэг сая, 700-785 оноо авсан 86 хүүхэд 40000-450000, багш нар нь 25000-200000 төгрөгөөр шагнууллаа.

Мөн нэгдсэн дүнгээр улсын дунджаас дээгүүр оноо авсан Өлгий сумын хоёр  болон тавдугаар бүрэн дунд сургууль, Сагсай сумын бүрэн дунд сургуулийг тус бүр хоёр сая, хувийн хэвшлийн Эмпати, Бастама, Дарын, Зайд сургуулиудад тус бүр нэг сая төгрөг олголоо.
 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ