Банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгө 1.14 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-13 19:44:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос өнөөдөр танилцуулснаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт, ХЗХ-дын нийт орлого сүүлийн 10 жилийн өндөр түвшинд тус тус хүрч харин даатгалын салбарын цэвэр ашиг буурсан үзүүүлэлттэй байна.
 
Үнэт цаас, даатгал, ББСБ болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймын талаар СЗХ-ны Судалгаа, эрдслийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны хоёрдугаар улиралд 65 хувиар өсөж 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ийн 9 хувьтай тэнцсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 303 ХК, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өсчээ. “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан хоёрдугаар улиралд нийт 77 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 13 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 тэрбум төгрөгийн хувьцаа, 27 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 248 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.
 
Даатгалын цэвэр ашиг буурчээ
 
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 13 хувиар өсөн, 282 тэрбум төгрөгт хүрснээс
  • 80 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө,
  • 16 хувийг давхар даатгалын компани,
  • 3 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.
Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 29 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын татварын цэвэр ашиг 8 хувиар буурч, нийт цэвэр ашгийн хэмжээ 6.3 тэрбум төгрөг байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 5 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувь байна.
 
ББСБ-ууд зээлийн үйл ажиллагаанаас хэтрэхгүй байна
 
ББС-ийн салбарт энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74 хувийг зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. Харин ББСБ-уудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 888 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707 тэрбум төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 28 хувиар өссөн байна. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38 хувиар өсөж, 768 тэрбум төгрөгт хүрлээ.
 
ХЗХ-дын нийт орлого сүүлийн 10 жилийн өндөр түвшинд хүрчээ
 
Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20 хувиар өсөж, 61 177-д хүрсэн байна.
Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан бол нийт орлого 37 хувиар өсөж, 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27 хувиар буюу 26 тэрбум төгрөгөөр өсөж, 134 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 пунктээр өсөж, 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов. Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51 хувийн өсөлттэй байгаагийн 97 хувийг хугацаатай, 3 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байгаа талаар СЗХ-ноос мэдэээлэв.
 
 
 
Холбоотой мэдээ