Т.Ням-Очир: Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж байгаа ч хүн амынхаа өсөлтийг гүйцэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-13 11:15:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан салбар яамнаас бэлтгэл ажлуудыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой уулзаж ярилцав.

-Энэ онд боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөв. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-2018 он бол боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарт урд өмнө хийгдэж байгаагүй хамгийн их том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жил байлаа. Нийт задарсан дүнгээр 363 төсөл арга хэмжээнд ажилласан. Үүний тодорхой хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, орон нутагт эрхийг шилжүүлж хуулийн хугацаанд дүрэм журмын дагуу шуурхай зохион байгуулах чиглэлээр онцгой анхаарч ажилласан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний байдлаар энэ оны бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулалт 75 хувьтай байна. Мөн газрын асуудал, байршил, үнийн дүн зөрүүтэй асуудалд тодотгол хийж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Энэ хичээлийн жилд хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж, хичнээн хүүхэд хамрах боломж бүрдэх вэ?

-Дээр дурдсан төсөл арга хэмжээнд энэ жил 90 гаруй цэцэрлэг, 130 гаруй сургуулийн өргөтгөл, шинээр барих, буулгах зэрэг төсөл арга хэмжээ багтсан. Бид 2018 оны нэгдүгээр сараас тендерээ зарлан, сонгон шалгаруулалт, зураг төслөө явуулж байна. Ихэнх төслийн төсөв нь 2019 онд хуваагдаж тавигдсан учир энэ жилийн хувьд ашиглалтад орох нь харьцангуй цөөн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний мэдээгээр улсын хэмжээнд 9 сургууль үүд хаалгаа нээх боломжтой. Үүний гурав нь нийслэлд байгаа. Шинээр нээхэд олон бэрхшээл байгаа учир бүрэн хэмжээнд нээх юмсан гээд нийслэл, орон нутгийн байгууллагуудтай хуваариа шахаад ажиллаж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 26 цэцэрлэг, нийслэлийн хэмжээнд таван цэцэрлэг үүдээ нээх бол үүнээс гадна 6 цэцэрлэгийг 9 дүгээр сарын 01 гэхэд эхлүүлэх, үлдсэнийг нь 2018 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал толгойны өвчин болсоор удаж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд ирэх хичээлийн жилд цөөрөх үү?

-Өнгөрсөн хичээлийн жилд 27 сургууль гурван ээлжтэй эхэлж байсан бол хичээлийн жилийн дундуур өргөтгөлөө ашиглалтад оруулсан, зарим ашигладаггүй танхимаа ашиглаад хавар төгсөхөд 22 сургууль болж буурсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэдэг нийслэлийн ЕБ-ын 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуульд өргөтгөлийн ажил эхэлж байна. Зарим нь худалдан авах ажиллагаа нь зарлагдаад дуусч байна, зарим нь худалдан авах ажиллагааны шатандаа явж байна гэхчлэн төсөв, зохион байгуулалтын үйл ажиллагаа нь 2019 он дамжихаар байна. Тэгэхээр 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн ачаалал хэвээр байна. Магадгүй өмнөх жилээс ч их байхаар байна. Харин он гараад явцын дунд  үе шаттай ашиглалтад ороод 2019 оны 9 дүгээр сарын 01 гэхэд нэлээн нааштай дүр зураг харагдана.

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цахимаар бүртгэж байгаа. Энэ жил хичнээн хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой вэ?

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 312 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд 256 мянган хүүхдийг хамруулсан. Энэ жил суудал, орны тоо, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, салбар бүлгүүд нэмэгдвэл энэ тоогоо өмнөх жилээс буулгахгүй байх боломж бий.  Цаашид олон бүтээн байгуулалтын ажил, 2019 онд багтаад цэцэрлэгүүд ашиглалтад орвол бид сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг эрс нэмэгдүүлэх боломжтой. Гэвч нэг хүндрэл бий. Бид одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан тооцоо хийн, сургуулийн суудал, цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлээд байгаа ч өсөн нэмэгдэж байгаа хүн амынхаа хэрэгцээг гүйцэхгүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил 68 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон. Энэ жил 78 мянган хүүхэд элсэн орно. Гэтэл 12 дугаар ангийг 45 мянган хүүхэд төгсч байна. Элсч байгаа, төгсч байгаа хүүхдийн ялгаа гэхэд ЕБС-д маш том ачаалал бий болгож байна.

-Сурах бичиг жил бүр шинэчлэгдэхийн зэрэгцээ багш нар номоо шахдаг асуудал шүүмжлэл дагуулдаг?

-Жил бүр сурах бичиг өөрчлөгддөг гэдэг бол өрөөсгөл ойлголт. Сүүлийн  15 жилийн дотор Монгол Улсын сургалтын хөтөлбөр агуулга 3 удаа шинэчлэгдсэн. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр агуулга 10 удаа шинэчлэгдсэн. 1921-1934 он, 1934-1945 он хүртэл 10 жилийн циклтэй хөтөлбөр агуулгаа нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслээд  өөрчилж байсан.  Харин 2005 оноос 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд шилжсэн. Тогтолцоо шинэчлэгдэж байгаа болохоор агуулга өөрчлөгдөх шаардлагатай, агуулга өөрчлөгдөхөөр хөтөлбөр өөрчлөгдөнө. Ингээд 4, 5, 6 жилийн давтамжтай өөрчлөгдөхөөр хүмүүст жил бүр өөрчлөгдөж байгаа мэт ойлголт төрж байгаа юм. Тиймээс Засгийн газар болон БСШУСЯ-наас хэн дуртай нь гарч ирээд сургалтын хөтөлбөрийг өөрчилдөггүй, хэн дуртай эрх мэдэлтэн сольдоггүй байхаар бодлого зохицуулалтыг хийж байгаа. Хөтөлбөр төлөвлөгөө шинэчилнэ гэдэг бол судалгаан дээр үндэслэдэг, нотолгоо баримтан дээр суурилдаг байх ёстой. “Энэ болохгүй юм байна, Америк, Финляндын хөтөлбөр илүү юм байна” гээд өөрчилдөг энэ өөрчлөлт монголын сурах бичиг жил бүр өөрчлөгддөг юм шиг ойлголтыг төрүүлээд байна. Нэг сайд гарч  ирэхэд “Юу хийх гэж байна” гэдэг хүлээлт багш нарт үүссэн. Гэтэл “Биднийг яаж тогтвортой ажиллуулах вэ” гэдэг хүлээлт эсрэгээрээ “Шинэ сайд гарч ирсэн юм чинь өөрчилж л таараа” гэдэг ойлголт ард иргэд, нийгэмд бий болоод байна. Тиймээс бид одоо мөрдөж буй хөтөлбөрийн шинэчлэлд 2018-2019 онд цогц үнэлгээ хийнэ.
Энэ жилийн хувьд 24 нэр төрлийн сурах бичиг шинээр сурагчдын гарт очно. Яагаад шинээр зохиогдож байна вэ гэвэл 12 жилийн тогтолцоонд хөтөлбөр энэ жил анх удаа бүрэн шилжиж байна. Шилжилт одоо дуусч байна гэсэн үг. Үүнтэй холбоотой хөтөлбөрийн шинэчлэлийг дагаад сурах бичгүүд шинэчлэгдэж байсан. Энэ жил төлөвлөгөөний дагуу 24 нэр төрлийн сурах бичиг шинээр зохиогдох ёстой байсан. Зохиогчийн багийг байгуулж, сурах бичиг зохиогдоод, тендер сонгон шалгаруулалт хийгээд, одоо хэвлэлтийн шатандаа явж байна. Мөн хуучин 65 нэр төрлийн сурах бичигт нөхөн хангалт хийж аймаг, орон нутгийн сургуулиудад хүргүүлж байгаа. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид сурах бичгийг 100 хувь үнэгүй хэрэглэнэ. Орон нутаг, аймаг, нийслэлийн сургуулиудын хаврын захиалга бодитой байвал бага ангид сурах бичиг дутагдах гачигдах зүйл гарахгүй. Дунд, ахлах ангийн хувьд 40 хувийг үнэ төлбөргүй тараадаг. Үүнийг хэрхэн зохицуулахыг сургууль тодорхойлно. Үлдсэн 60 хувь нь зах зээлээс авах зохицуулалттай байгаа.
Албан ёсны зохиогчийн эрхтэй, албан ёсны зохиогч нь БСШУСЯ-ны сурах бичиг. Энэ сурах бичгийг албан ёсоор ашиглах ёстой. Сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар багш өөрөө сургалтын агуулга хөтөлбөрийг баяжуулж ээлжит хичээл сургалтаа удирдаж чиглүүлж авч явах ёстой болохоос сурах бичгийн хажуугаар давхар сурах бичиг байна гэдэг ойлголт одоогийн мөрдөж буй хууль дүрэмд байхгүй.

-Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 4-12 дугаар ангид шинээр эрүүл мэндийн хичээл орно. Хичээлийг ямар агуулга хөтөлбөрөөр сурагчдад хүргэх вэ?

-ЕБС-д маш олон агуулга, хөтөлбөрийг оруулж өгөөч гэдэг саналыг байгууллагуудаас тавьдаг. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний зохистой хэрэглээний талаар, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хог хаягдлын менежмент гэдэг хичээл оруулах зэрэг 300 гаруй санал БСШУСЯ-ны Ерөнхий бодлогын бодлогын газарт бий. Монголчуудад хамгийн хэрэгцээтэй зүйл нь эрүүл мэндийн боловсрол. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд эрүүл мэндийн боловсрол чухал, эрүүл мэндийн боловсрол бол хүүхдэд дадал хэвшил болох ёстой хэмээн Эрүүл мэндийн хичээлийг оруулах чиглэлээр шийдвэр гарч, 2018 онд Хөтөлбөр, Менежмент, Арга зүй, Экспертийн баг ажиллаж өнгөрсөн сард хөтөлбөрөө эцэслэсэн. Өнөөдрөөс үндэсний хэмжээнд энэ хичээлийг заах багш нарын сургалт эхэлж байна. Өмнө нь 1998-2014 он хүртэл багш нарыг тодорхой хэмжээнд бэлтгээд, дутуу цагийг нөхөх хэлбэрээр агуулга хөтөлбөрөөр нарийвчлагдаагүй хэмжээнд Эрүүл мэндийн хичээл ордог  байсан. Одоо Эрүүл мэндийн хичээлийг Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, Хооллолт хөдөлгөөн, Сэтгэцийн эрүүл мэнд, Хорт зуршил, Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, Осол гэмтэл гэсэн агуулгын хүрээнд заана.

-Энэ жил их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх үү?

-Их, дээд сургуулийн төлбөрийн асуудал тухайн удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал байдаг. Өнгөрсөн хавар бүх их, дээд сургуулийн Удирдах зөвлөл хуралдсан. Одоогоор БСШУСЯ-нд албан ёсоор албан ёсны чиглэл ирээгүй байна. Хичээлийн шинэ жил дөхөөд ирэхэд их, дээд сургуулиуд байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ