Ариун хаж мөргөлд 53 хүн оролцохоор мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-09 18:19:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Саудын Арабын Мекке хотод энэ сарын 19–нээс 24-ний өдрүүдэд болох ислам шашинтнуудын ариун хаж мөргөлд Монголоос 53 хүн оролцохоор өнөөдөр замд гарлаа.

Үүнээс таван хүн Саудын Араб Улсын, найман хүн Арабын Нэгдсэн Эмират Улсын урилгаар буюу тухайн улсуудын зардлаар, үлдсэн хүмүүс өөрсдийн зардлаар явж байна. Хаж мөргөлд оролцогчдыг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгийн дэд захирал Х.Даулетбек ахалж явна. 

Ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрхийг олгосноос хойш манай улсын ислам шашинтай иргэд  хаж мөргөлд 21 дэх удаагаа оролцохоор мордсон нь энэ ажээ. Хаж мөргөл нь Ислам шашны үндсэн таван зарчмын тав дахь нь бөгөөд мусульманчууд жил бүр Аллах Эзний үүрэг даалгавар болох ариун хаж мөргөлийг үйлдэхээр дэлхийн өнцөг булан бүрээс яс үндэс, өнгө зүс, хэл яриа үл харгалзан Мекке хотод хуран цугларч, залбирал үйлддэг уламжлалтай юм. 

Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн хаж мөргөлд дэлхийн улс орнуудаас 2,5 сая орчим хүн оролцоно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ