Даатгалд хамрагдаж, усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-09 17:02:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар дагалдаж явна. 

Тэрээр өнөө өглөө аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож өнгөрсөн сарын 14-17-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн хохирол, гамшгийн дараах сэргээн босголтын ажлуудын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн Засаг дарга  А.Гылымхан өөрийн танилцуулгадаа: "Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна. Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчим өрх орон байртай боллоо. Үерт нэрвэгдсэн өрхүүдэд зориулан Өлгий сумын 10 дугаар багт 250 өрхийн хэрэгцээнд нийтдээ 15 га газрыг шинээр хуваарилаад байна. Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143,5 га талбайн лааг, шаврыг зайлуулж,  цэвэрлэгээний ажил 72,5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61,7 хувьтай явагдаж байна" хэмээн илтгэлээ.

Түүнчлэн гамшгийн үеэр гарсан 762,4 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, үер буусан газарт шинээр худаг, цахилгааны шугам татах, Өлгий сумд далан барихад зориулж 2018-2019 онуудад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргаас хүслээ.

Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газар, олон улсын байгууллагуудаас өгсөн тусламжуудыг жинхэнэ эзэнд нь хүргэж, хэнд, яаж хүргэсэн талаар ил тод мэдээлж байх, гадаадаас хүсэх тусламжийг Гадаад явдлын яамаар дамжуулах, гамшгийн хохиролтой холбоотой мэдээллийг бодит, зөрөөгүй болгох, зарим зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжилтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй үнс, шавран блокоор байшин барихгүй байхыг иргэдэд ойлгуулах, иргэдэд орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авахыг аймгийн  удирдлагад үүрэг болголоо.

Мөн Засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран шаардагдах бүх арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон аймгийн онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрүүл мэнд, нийтийн аж ахуй зэрэг байгууллагуудын ажилтан алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.       

Дараагаар нь үерт автсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжилтийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ