АНУ-ын шийдвэрийг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-04 21:13:40
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгост шахалт үзүүлсээр байхыг Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ий гишүүн орнуудад уриалах АНУ-ын шийдвэрийг Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо зэмлэн буруушаажээ. Энэ тухайгаа тэрбээр АСЕАН-ий улсуудын сайд нарын арга хэмжээний үеэр илэрхийлсэн байна.
 
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд Умард Солонгост дипломат болон эдийн засгийн шахалт үзүүлсээр байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АСЕАН-ий улсуудад өмнө нь уриалжээ.
 
Энэхүү уриалгад Умард Солонгосын гадаад хэргийн сайд хандан хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд бид цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож, цөмийн талбайгаа устган,  сайн санаа өвөрлөсөн бусад алхмыг авч хэрэгжүүлж байгаагаа харуулсан. Хариуд нь АНУ бидэнд дэмжлэг үзүүлэхийн оронд хориг арга хэмжээг хэвээр авч үлдэхийг илүү идэвхтэй уриалж байна.  Дайныг зогсоох тухай тунхаглал нь Солонгосын хойгт энх тайван байдлын баталгаа олгох эхний алхам билээ. АНУ энэ тунхаглалыг байгуулах асуудлаасаа ч буцах бодолтой байгаагаа үйлдлээрээ илэрхийлж байна” гэжээ.
 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ