“Түүчээ залуус” төсөлд 21 баг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-04 17:38:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос зургаадугаар сараас эхлэн зарласан “Түүчээ залуус” төсөлд тус аймгийн 18 сум, нэг тосгоны нийт 21 баг бүртгүүлэн оролцож байна. 
Зохион байгуулагчдын зүгээс багуудад зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн даалгавар өгч, тэдний сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжиж буй гэнэ. 
Оролцогч багууд сум орон нутгийн иргэдийг өөрсдийн зохион байгуулж буй сайн дурын ажилд хамруулж тэдний сэтгэлгээг эерэг чиг хандлагад хөтлөх зорилго бүхий ажлуудыг хийж байна. Төслийн болзолд зааснаар тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм.
Түүчээ залуус төслийн үндсэн хэсэг болох орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулсан спортын өдөрлөг арга хэмжээг багууд амжилттай хийсээр байгаа бол хөгжлийн гарч шийдлийг тодорхойлох судалгааг сум сумын багууд иргэдээсээ түүвэрлэн хийж байгаа юм. Одоогоор Тонхил сумын “ТҮГЭЭГЧ БАГ” 80 тамирчны бүрэлдэхүүнтэй гар бөмбөгийн тэмцээн,  Бигэр сумын “ОЧ” баг 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн, Баян-Уул сумын “УУЛ АЛТАЙ” баг бэсрэг наадам, Төгрөг сумын “ТӨГРӨГ” баг Шатар, Ширээний теннисний тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ