Дөнгөж төрсөн хүүхдийг нэн даруй хөхүүлбэл өвчин тусах нь бага

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-01 15:28:33
twitter.com/Nyamkanmk
ЖЕНЕВ. /NHK/. Дөнгөж төрсөн хүүхдийг нэг цагийн дотор хөхөөр нь хоолловол хүүхдэд өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эсэн мэнд өсч торних болон хүүхдээ хөхний сүүгээр хооллох хоорондын харилцан хамаарлын тухай уг судалгааг хөгжиж буй 76 орны 130 мянга гаруй нярай хүүхэд дээр хийсэн байна.
 
Төрснөөс нь хойш хоёр цагийн дараа анх хөхүүлсэн хүүхэд төрснөөс нь хойш нэг цагийн дотор хөхүүлсэн хүүхдийг бодвол нэг сарын дотор нас барах магадлал 1.3 дахин өндөр байдаг ажээ. Үүний зэрэгцээ төрснөөсөө хойш цагийн дотор хөхөө хөхөөгүй хүүхэд өвчин тусах магадлал ихтэй болдгийг уг судалгаагаар тогтоожээ.

Дөнгөж төрсөн эхийн сүүнд хүүхдийг өвчин тусахаас хамгаалдаг эсрэг биет, шим тэжээлээр баялаг байдаг ажээ. Үүний зэрэгцээ хүүхэд эх хоёр арьсаараа шүргэлцсэнээр эхийн арьсан дээрх бичил биетүүд хүүхэд рүү шилжиж, дархлааны системийг хөгжүүлэхэд тус болдгийг судалгаанд онцолсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү судалгаагаар дамжуулан эхчүүдэд хүүхдээ нэн даруй хөхүүлэх боломжийг олгох тогтолцоо бий болгохыг эрүүл мэндийн байгууллагуудад уриалж байгаа юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ