Хүмүүсийн олонхи нь мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-31 17:19:56
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсын иргэдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 92 хувь нь хувийн мэдээллийнхээ аюулгүй байдалд санаа зовдог болохыг тогтоосон тухай “Синьхуа” агентлаг мягмар гарагт мэдээлэв.

Уг судалгаанд нийт 2024 хүн оролцсон байна. Хавсралт программ татах үед хувийн мэдээллээ өгөхийг программ хангамжийн компаниуд шаарддаг гэж судалгаанд оролцогчдын 84.5 хувь нь хариулсан бол тэдгээрийн 67 хувь нь хавсралт программ хөгжүүлдэг компаниуд өөрсдийнх нь мэдээллийг дураараа цуглуулдаг хэмээн боддог гэж хариулжээ. Мөн дээрх хүмүүсийн 80 хувь нь ямар нэгэн сүлжээнд бүртгүүлсний дараа нэр нь тодорхойгүй дуудлага болон зурвасууд ирдэг гэж хариулжээ.

“Намайг англи хэлний шалгалтын албан ёсны цахим хуудсанд бүртгүүлсний дараа гадаадад сургах үйлчилгээ үзүүлдэг агентлагуудаас дуудлага ирдэг болсон” гэж их сургуулийн нэгэн оюутан мэдээлсэн байна.

“Зарим аж ахуй нэгж хэрэглэгчийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашигладаг” гэж Хятадын улс төрийн шинжлэх ухаан болон хууль эрх зүйн их сургуулийн профессор, харилцаа холбооны хууль эрх зүй судлаач Жу Вэй мэдээлсэн байна. Мөн тэрбээр хувийн мэдээллийг хамгаалах, интернэтийн аюулгүй байдлыг нарийн хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгай хууль батлахыг хууль тогтоогчдод уриалжээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ